Хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/694 дугаар захирамж гарлаа.
Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан “Хяналт, шалгалтын ажлын хэсэг” 3 ээлжээр 24 цагаар Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, Хорин хоёр, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх - Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад орон нутгаас нийслэлд ирж байгаа иргэн, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийхээр боллоо. Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг “Чингис хаан нисэх онгоцны төв буудал”-д, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд, Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Сүхбаатар /7 буудал/, Баянзүрх /Гачуурт/ дүүргийн нутаг дэвсгэр дэх цагдаагийн суурин пост, бусад дүүрэгт цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг хот дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад тус тусын цагдаа, хэв журам сахиулах албадтай хамтран зохион байгуулна. Баруун аймгуудад малын шүлхий, боом өвчин гарсантай холбогдуулан нийслэлд мал, амьтны гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж Авто техникийн шалган бүртгэх товчоо, мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн, лабраторийн шинжилгээ хийж, ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, Мал эмнэлгийн газар /Д.Нарантуяа/, Цагдаагийн газар /Д.Батжаргал/, Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны “Агнуурын зарим амьтдыг агнаж барихыг түр хориглох тухай” 411 дүгээр тушаалын дагуу тарвага агнахыг хориглосон ч хууль бусаар ан хийх явдал гарсаар байгаа юм.
Хяналт шалгалтын ажлын явцад хууль бусаар тарвага агнасан, нийслэлд зөөвөрлөн оруулахыг завдсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцно.
Тарваган тахал нь хүнийг үхэлд хүргэх аюултай, өндөр халуурч, суга, цавь, хүзүүний булчирхай томордог, уушгийг давамгайлан гэмтээдэг хурц халдварт өвчин юм.
Уг өвчнөөр тарвага, зурам, чичүүл, үлийн цагаан огдой, гэрийн бор хулгана, үхэр огодой зэрэг мэрэгч, туулай хэлбэртнээс гадна тэмээ, хүн өвчилдөг. Тарваганы бүүрэг уг өвчний нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой.
Өвчний шинж тэмдэг нь богино хугацаанд өндөр халуурч, дагжин чичирнэ, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрч огиулж бөөлжих, нойргүйдэн нүүр, нүд нь улайх зэрэг шинж илэрдэг.
Иймд тарваган тахал өвчнөөр өвчлөхгүйн тулд тарвага, зурам агнахыг хориглох, гэр сууцандаа тарвага өвчих, нойтон арьс хадгалахыг цээрлэх, мах, арьсыг худалдан авахгүй байх, тарваганы ичээ, нүх ухахгүй байх, дутуу боловсруулсан, шүүрхий мах хэрэглэхгүй байх, хэрэв өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.