Олон улсын Нотариатын холбоо, Монголын Нотариатчдын танхим хамтран Олон улсын Нотариатын холбооны Азийн хэргийн комиссын ээлжит III бага хурлыг 2013 оны 07 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсын Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус хуралд Олон улсын Нотариатын холбооны Ерөнхийлөгч ноён Жан Пол Декорпс, Азийн хэргийн комиссын Ерөнхийлөгч асан, Солонгос улсын Нотариатчдын холбооны Ерөнхийлөгч Ким Зин Кван, Франц улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Де Лүнээ, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Япон улсын Нотариатчдын Ерөнхийлөгч Тадахико Мяазава, Хятадын Нотариатчдын холбооны Ерөнхийлөгч Дин Лу, Вьетнам улсын нотариатын байгууллагын удирдлагууд, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч А.Оюунчимэг болон бусад гишүүд төлөөлөгчид оролцов.
2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болсон Олон улсын Нотариатын холбооны Азийн хэргийн комиссын ээлжит III бага хурлын урьдчилсан хуралдаанаас Олон улсын Нотариатын холбооны Азийн хэргийн комиссын Ерөнхийлөгчөөр Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч А.Оюунчимэгийг, нарийн бичгийн даргаар нотариатч Д.Дуламцоо нарыг тус тус сонгосон нь Олон улсын Нотариатын холбооноос манай улсын нотариатын байгууллага, гишүүдэд үзүүлж буй өндөр итгэл, хүндэтгэл гэж үзэж байна.
2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан Азийн хэргийн комиссын гишүүн орнуудын ээлжит II хурлаас III хурал хүртэлх ажлын тайлан болон Азийн хэргийн комиссын гишүүн орнуудын цахим нотариатын хөгжил, цаашдын чиг хандлага, Өв залгамжлалын харилцаа зэрэг сэдвүүдээр хуралдав.
Энэхүү хурал нь Азийн улс орнуудын хооронд нотариатын үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн хандлагын талаар харилцан мэдээлэл, туршлага солилцох өргөн боломжийг олгож өгснөөрөө онцлог боллоо. Тухайлбал, Хятад улсын өнө эртний түүхтэй өв залгамжлалын харилцаанд үл хөдлөх эд хөрөнгөөс гадна хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх тал дээр илүү туршлагатай, эрх зүйн зохицуулалт, бүртгэлийн хувьд боловсронгуй болсон нь ажиглагдаж байлаа. Манай улсын хувьд өв залгамжлалын харилцаанд хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг төрөлжүүлэх, боловсронгуй болгох зүй ёсны шаардлага тулгарч байгаа учир энэ тал дээр цаашид Хятад улсын туршлагаас судлах боломжтой юм. Мөн Япон Улстай цахим нотариатыг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авах зорилготой хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөөд байна. Энэ нь цаашид Азийн улс орнуудын нотариатын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.