Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. “Ой тэмдэглэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан, жилийн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ГХЯ-нд “Тив дамнасан хөршүүд” 2 боть номын тэргүүн ботийн нээлтийн арга хэмжээ болов.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Кембрижийн их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төвийн эрдэмтэн, судлаачид хамтран хоёр талын харилцааны түүхийн холбогдолтой “Тив дамнасан хөршүүд” 2 боть ном бүтээхээр ажиллаж байгаагийн эхний боть нь ийнхүү хэвлэгдэн гарч байна.
Нээлтийн арга хэмжээг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан нээж үг хэлсэн бөгөөд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт мөн оролцож үг хэлэв.
“Монгол-Британий харилцааны баримтат түүх” хэмээх уг номонд Монгол, Британий харилцааны сүүлийн зуун жилийн түүхийг гол төлөв түүх, архивын ховор чухал баримт бичгүүдээр дамжуулан харуулсан бөгөөд 2013 оны 3 дугаар сард Британид 500 хувь хэвлэгдсэн юм.