logo
“САЙНШАНД” аж үйлдвэрийн цогцолборт шаардагдах усны нөөцийн судалгаа хийгдэж эхлэв

“САЙНШАНД” аж үйлдвэрийн цогцолборт шаардагдах усны нөөцийн судалгаа хийгдэж эхлэв

2013/07/30
“Сайншанд” дахь аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах ажил эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын хүрээнд энэ онд хэд хэдэн ажил гүйцэтгүүлэхээр тендер зарлаад байгаа билээ. Төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад дэлхийд танигдсан туршлагатай хуулийн болон ерөнхий зөвлөхүүд оролцож байгаа бөгөөд тендерийн явц гэрээ байгуулах шатанд явж  байна. 
Зөвлөх үйлчилгээнээс гадна цогцолборт байгуулагдах цахилгааны дэд станцын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, бүс нутгийн хооронд ус дамжуулах боломжийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Мөн цогцолборын нутаг дэвсгэрт инженер геологийн судалгаа хийгдэх бөгөөд “Сайншанд” хотын хөрсийг ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран монголын эрдэмтэд нэлээдгүй судалсан бөгөөд энэ удаагийн судалгааны дүнд хөрсний норм нормативыг тогтоох юм байна.
Дорноговь аймгийн төв болон хэд хэдэн сумын нутаг дамжин хийгдэх байгаль орчинд нөлөөлөх нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг 4 улирал дамжин хийх ажлын гүйцэтгэгчийг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд сонгон шалгаруулахаар хураангуй жагсаалтыг гаргаад байна.
Цогцолборт байгуулагдах үйлдвэрүүдийн усан нөөцийн судалгааг хийж гүйцэтгэхээр “Тунгалаг-Ус” болон бусад 5 компанийн нэгдэл шалгарсан бөгөөд энэ оны 7 дугаар сарын 13-ны өдрөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан Дорноговь аймгийн Бор хөөвөр, Сайн усны говь, Долоодын говь зэрэг газруудад усны нарийвчилсан хайгуулын судалгааг эхлүүлээд байна. 1980-1988 онуудад дээрх газруудад Монголын усны мэргэжилтнүүд ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран нэлээдгүй хайгуулын судалгаа хийгдсэн бөгөөд энэ удаа нарийвчилсан усны нөөц тогтоох ажил хийгдэх юм.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн хөрөнгө оруулалтын судалгааг үндэсний аж ахуйн нэгжүүдээс авч нэгтгэн дүгнэлт гарган дараагийн шатны ажлуудыг эхлүүлээд байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш