logo
Балтийн тэнгисийн улсуудын зэвсэгт хүчнийг нэтгэх асуудал маргаан дагуулав

Балтийн тэнгисийн улсуудын зэвсэгт хүчнийг нэтгэх асуудал маргаан дагуулав

2013/07/30

Балтийн тэнгисийн улсуудын зэвсэгт хүчнийг нэтгэх талаар Латвийн Ерөнхийлөгч Андрис Берзиньшийн хэлсэн үзэл санааг Эстоний Батлан хамгаалахын сайд Урмас Рейнсалу эрс шүүмжиллээ.
“Нэгдсэн арми байгуулах асуудлын тухайд бол энэ нь бодитой, хэрэгжих үндэстэй гэж би үзэхгүй байна. Яагаад гэвэл улс бүр өөрийн батлан хамгаалах хүчтэй бөгөөд улс болгон түүнийгээ өөрөө хөгжүүлж байгаа, тэгээд ч энэ биеэ даасан байдал нь НАТО-гийн батлан хамгаалах төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд саад болохгүй байгаа шүү дээ.

Харин ч Латви болон Литвийн эрх баригчид батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэж сайд мэдэгдэв.
“Хэрвээ Орос улсыг харах юм бол сүүлийн 4 жилд зэвсэглэлээ хоёр дахин нэмэгдүүлж, НАТО-гийн агаарын орон зайн ойролцоо тагнуулын нислэг байнга хийж байгаа нь Эстонийн агаарын хилийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд энэ бүхэн нь батлан хамгаалалтаа улам хөгжүүлэх хэрэгтэйг хэлж өгч байна” гэж тэрбээр тайлбарлалаа.

Латви, Литва, Эстонийн нэгдсэн зэвсэгт хүчнийг байгуулах саналаа Берзиньш энэ сарын 20-нд “BNS“ агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн юм. Тэрбээр улс бүр тусдаа батлан хамгаалах салбартаа их зардал гаргах нь утгагүй болохыг цохон тэмдэглэсэн аж. Тиймээс зэвсэгт хүчнүүдээ нийлүүлэх нь нэн үр дүнтэй гэж хэлсэн байна. “Хэрвээ нисгэгчид нь янз бүрийн улс орноос нисэн ирээд Балтийн орнуудын агаарын орон зайг хамгаалж болдог л юм бол тэд энэ салбараараа нэгдэж ч яагаад болохгүй гэж” хэмээн тэрбээр асуужээ.

 Түүнчлэн “Эдгээр гурван армийн офицерууд нь хамтдаа суралцдаг учраас “тэдний боловсролын чанар, болж буй бүхний талаархи нэгдсэн ойлголт нь нэгдмэл чанартай” гэж Берзиньш нэмж хэлэв. Дээр нь Латви улс 2020 он гэхэд цэргийн төсвөө Дотоодынхоо нийт бүтээгдэхүүнээс 2 хувиар нэмэгдүүлэх үүрэгтэй  хэдий ч “үүнийг шууд бүтээж чадахгүй” / тус улсын батлан хамгаалахын зардал нь хямралын улмаас сүүлийн жилүүдэд хоёр дахин багассаны улмаас НАТО-гийн гишүүн улсууд нэг бус удаа шүүмжлээд байгаа/ байгааг ч нэмж сануулав.
Балти хавийн улсуудын батлан хамгаалах чадавхийн талаар өнгөрсөн намар гаргасан илтгэл ёсоор бол гадаад аюул заналхийллийг эсэргүүцэх Латвийн боломж хамгийн бага бол хамгийн чадварлаг армитай нь Эстон юм байна.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш