logo
GIZ –ийн NEXUS төсөлтэй хамтран ажиллахаар боллоо

GIZ –ийн NEXUS төсөлтэй хамтран ажиллахаар боллоо

2013/08/02

ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн хорооноос 2013-2015 онд хэрэгжүүлэх “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: хотын NEXUS” төслөөс Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулсан олон улсын бага хурал, төслийн нээлтийн семинарт Улаанбаатар хотоос Засаг даргын орлогч Ц.Буяндалайгаар ахлуулсан  төлөөлөгчид оролцлоо.

"Nexus" буюу “нэгдэл” хэмээх утгыг илэрхийлсэн энэхүү төсөл нь Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцад хамгийн ихээр тулгамдсан Эрчим хүч - Ус - Хүнс гэсэн гол гурван нөөцийн хүрэлцээгүй байдлыг харилцан уялдаатайгаар цогцоор нь төлөвлөж удирдах аргачлалыг нэвтрүүлэх замаар шийдвэрлэж, хотуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа юм. Энэ нь Азийн хотуудын хүн амын хэт өсөлт,  хот байгуулалт, нийтийн аж ахуйн хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм.

Бага хуралд олон улсын болон бүс нутгийн экспертууд нөөцийг цогцоор нь үр ашигтайгаар төлөвлөх, ашиглах, хэмнэх сүүлийн үеийн чиг хандлага, арга технологийн талаар олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна. 
NEXUS төслийн алба нь Тайландын Бангкок хотод байрлах бөгөөд хот болгонд томилогдох Үндэсний зохицуулагчдаар дамжуулан ажлаа явуулах юм.

Улаанбаатар хот  NEXUS төсөлтэй хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, дараах 2 төслийн саналыг хүргүүлээд байна. Үүнд:
1. “Гэр хороололд тохиромжтой бохир усыг дахин ашиглах технологи бүхий жижиг цэвэрлэх байгууламж”.
2. “Улаанбаатар хотын орон сууцны болон олон нийтийн зориулалттай хуучин барилгуудыг дулааны эрчим хүчний хэмнэлттэй болгон шинэчлэн засварлах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах”
Загвар болох эдгээр төслүүд нь нийслэл Улаанбаатар хот, ялангуяа гэр хороололд тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудтай бүрэн нийцэж байгаа юм. Мөн NEXUS төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын ЗАА-аас тус төслийн Үндэсний зохицуулагчид ажлын байр гарган өгч төсөл хэрэгжүүлэх АЖЛЫН ХЭСЭГ байгуулахаар төлөвлөсөн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш