Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй “Буянт-Ухаа 1” хорооллын барилгын ажлын явцтай танилцлаа. Уг хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл болох “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байна. Төрөөс газар, дэд бүтцийн асуудлыг шийдэж өгсөн учраас чанартай, хямд орон сууцыг босгохын төлөө барилгын компаниуд ажиллаж байгаа юм.
“Буянт-Ухаа 1” хорооллын барилгын ажил эхэлснээс хойш 100 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэд нийт 25 барилгын угсралтын ажлыг эхлүүлснээс 9 давхар 11 барилгын ажил бүрэн дууссан нь урд өмнө байгаагүй амжилт гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Угсралтын ажил дууссан барилгуудын засал, дотор инженерийн шугам сүлжээ, сантехникийн ажил удахгүй эхлэх бөгөөд гадна инженерийн шугам сүлжээтэй холбоотой хүндрэл гарахгүй бол 576 айлын орон сууцыг 12 сарын 21-нд ашиглалтад оруулна гэдгээ “Үндэсний бүтээн байгуулалт” корпорацийнхан мэдэгдлээ. ”Буянт-Ухаа 1” хорооллыг монгол ажилчид барьж байгаагийн дээр цонх болон дагалдах хэрэгслүүдээ дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Үндэсний бүтээн байгуулалтын ажилд нэгдсэн компаниудаас “Дельта” болон “БҮТИ” компаниуд цонхны үйлдвэртэй болсон нь зөвхөн барилга бариад зогсохгүй дагалдах үйлдвэрүүдийн технологийг сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэн, ажиллах хүчийг нэмэгдүүлсэн ажил болж байна.
Энэ оны 4 сарын 18-нд барилгын ажлаа эхлүүлсэн “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци 2014 оны 5 сард 1575 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бол эхний ээлжийн 576 айлын орон сууцыг 12 сарын 21 нд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх юм. Хамгийн сүүлийн барилга угсралтын ажил энэ оны 10 сарын 13 гэхэд бүрэн дуусгах ба энэ өвөл 18 барилгыг төвийн дулаанд холбож, дотор заслын ажлыг хийхээр төлөвлөжээ. Өвлийн улиралд барилгын салбар зогсонги байдалд ордог байсан бол “Буянт-Ухаа 1” хорооллын барилгын ажил зогсохгүй бөгөөд дор хаяж 700 гаруй хүн ажлын байраар хангагдана.
“Бүтээн байгуулалтын ажлууд хэдэн жил дамнан үргэлжилдэг байсан бол одоо 6 сарын дотор 576, жилийн дотор 1575 айлын орон сууцыг ашиглалтад оруулах боломжтой боллоо. Үүнийг хийж чадна гэдгээ үндэсний үйлдвэрлэгчид маань харуулж байна. Цаашид барилгын ажлыг жилийн 4 улирлын турш үргэлжлүүлж, богино хугацаанд чанартай барилга босгох хэрэгтэй. Энэ ажил бол Засгийн газар болон үндэсний бүтээн байгуулалтын компаниудын хамтын ажиллагааны сорилт байлаа. 100 хоногийн дотор 9 давхар 11 барилгыг босгосон та бүхэнд баяр хүргэе” гэж Ерөнхий сайд "Үндэсний бүтээн байгуулалт” корпорацийнханд хандан хэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.