logo
Монгол Улсын Цөмийн зэвсэггүй бүсийн тухай хуулийг шагналд нэр дэвшүүлжээ

Монгол Улсын Цөмийн зэвсэггүй бүсийн тухай хуулийг шагналд нэр дэвшүүлжээ

2013/08/08

Улс орны болоод бүс нутгийн ирээдүйд ач холбогдолтой, үлгэр  дуурайлал болохуйц бодлогыг шалгаруулж олгодог “Ирээдүйн төлөөх бодлогын шагнал”-д энэ жил цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын бодлого, Монгол Улсын Цөмийн зэвсэггүй бүсийн тухай хуулийг шалгаруулахаар тодорхойлжээ.

Дэлхийн Ирээдүйн Төлөөх Зөвлөл (ДИЗ) хэмээх олон улсын TББ-аас  хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа аюул сорилтын талаар өргөн олны мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх замаар улс орнуудын бодлогод нөлөөлөх зорилготой уг шагналыг 2009 оноос санаачлан олгож эхэлсэн юм.

Аль нэг хувь хүн, зүтгэлтэнг бус хүн төрөлхтөнд тустай, ирээдүй хойчийг харсан бодлогыг шалгаруулж зарладагаараа онцлогтой тус ТББ нь 2009 онд хүнсний үлгэр жишээ бодлогыг, 2010 онд биологийн төрөл зүйлийг дэмжсэн бодлогыг, 2011 онд ойжуулах бодлогыг, 2012  онд тэнгис далай болон далайн эргийг бохирдлоос хамгаалах бодлогыг тус тус шалгаруулжээ.

Энэ оны шагналд цөмийн зэвсгийг хорогдуулан хураах, зарим төрлийн ердийн зэвсгийг хураан устгахад чиглэсэн улс орны буюу бүс нутгийн хэмжээний 25 бодлогыг нэр дэвшүүлснээс зэвсэг хураах салбарт нэрд гарсан олон улсын 9 зүтгэлтнээс бүрдсэн  шүүгчдийн  баг 7  дугаар сарын хуралдаанаараа 9-ийг нь онцлон нэрлэсний дотор Монгол Улсын бодлого багтсаныг тус ТББ ийн албан ёсоор зарлалаа.

Сонгогдож үлдсэн бодлого тус бүрийг цаашид нарийвчлан судлаж,  холбогдох албаны хүмүүс, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэргэжилтэн судлаачдаас тодруулж, хэлэлцсэний дараа чухам аль нь уг нэр хүндтэй шагнал  хүртэхийг тодруулж, дүнгээ 10 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд зарлах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш