logo
Нийслэл үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих журамтай болно

Нийслэл үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих журамтай болно

2013/08/08
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  2013 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, ирэх оны бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг эрчимжүүлэх өргөтгөсөн  зөвлөгөөн зохион байгууллаа.Зөвлөгөөнд нийслэлийн харъяа төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцжээ. “Бүтээн байгуулалтын ажлын хурд чанарт нөлөө үзүүлэх гол хүчин зүйл нь төлөвлөлт бөгөөд анхны зургийн даалгавар, зураг төсөв яаж хийгдэхээс эцсийн гүйцэтгэл шууд хамаардаг. Тиймээс ирэх оны их ажлын бэлтгэлийг хангахын тулд эртнээс анхаарч, зөв төлөвлөж, ажлаа уялдуулах хэрэгтэй байна” гэж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт зөвлөгөөний үеэр хэллээ.Тэрбээр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар энэ онд 493 ажлын тендер шалгаруулах бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин нийт ажлын 23,5 хувь буюу 116 нь зургийн даалгаваргүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар удааширч байгааг нийслэлийн удирдлагуудад танилцуулан, удаашралтай байгаа газруудын талаар тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүсэв.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ирэх жилийн ажлыг төлөвлөхдөө газрын асуудал шийдвэрлэгдээгүй ажлыг төлөвлөгөөнд оруулахгүй байхыг сануулж, захиалагч байгууллагуудаас зургийн даалгавар ирээгүй, зураг төсөв байхгүй ажлуудын талаар авах арга хэмжээний санал, хариуцах байгууллагуудын уялдаа холбоог шийдвэрлэх  талаар ирэх 7 хоногийн Удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулж, шийдвэр гаргахыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн талаар нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэж, хуулийн дагуу дэмжлэг үзүүлэх журам боловсруулан ажиллах тухай үүргийг Худалдан авах ажиллагааны газарт өглөө гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш