logo
Б.Бат-Эрдэнэ: Намын ах нар 2016 онд шууд ялна гэвэл уучлаарай

Б.Бат-Эрдэнэ: Намын ах нар 2016 онд шууд ялна гэвэл уучлаарай

2013/08/08

НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сая болж өнгөрсөн Бага хурлын талаарх та бүхний дүгнэлт ямар байгаа вэ. Ер нь та бүхний хүсч байснаар Бага хурлаа хуралдуулж чадсан болов уу МАН?

-Энэхүү асуултанд хариулахын өмнө яагаад МАН ийм байдалд хүрэв гэдгийг бас бид бодох ёстой байх. Өнөөдөр энэ бүхнийг маш олон талаас нь шүүмжлэлтэйгээр авч үзэх ёстой гэж бодож байна. МАН-ын “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнд манай Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо нэгдсэн байгаа. Энэ хөдөлгөөнд өнөөдөр гэхэд нийтдээ 18 орчим байгууллага нэгдээд байна. Манай НАМЗХ хувьд УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулиар нийслэл болон орон нутгийн 16 аймагт очиж ажилласан. Ихэвчилэн сонгуулийн хуулийн танилцуулгыг үнэн зөв өгөх, мөн залуучуудаа идэвхжүүлэх тал дээр ажилладаг. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч мөн өөрийн зүгээс хичээн ажилласан. Сонгууль эхлэхээс өмнө хоёр ч удаагийн судалгааг нэр дэвшигчдийн хувьд хийж, ямар арга барилаар ажиллавал тохиромжтойг дүгнэн ажлын төлөвлөгөө байдлаар гаргаж өнөөгийн МАН-ын удирдлагуудад хүргүүлсэн. Гэвч тэд бидэнд хариу өгөөгүй. Мөн сонгуулийн явцад манай намаас төрийн алба хашиж байсан  нэр бүхий нөхдүүдтэй холбогдолтойгоор баривчилгаа болсон. Энэ бүхэнд зоригтой, шийдэмгий хариултыг ард иргэдэд өгөөгүй. Энэ нь эргээд үнэн мэт сэтгэгдэлийг ард иргэдэд төрүүлээд байгаа юм. Энэ мэт цалгардуу, шийдэмгий бус, үлбэгэр байдал энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалд ихээхэн нөлөөлсөн болов уу. Мөн цаг үетэйгээ нийцээгүй дүрэм, том бүтэц, сөрөг хүчний хүчирхэг бус байдал, концепцгүй, бодлогогүй байдлууд ч нөлөөлсөн. Бид цаашдаа улс төрийн намын хувьд дараа дараагийн сонгуульд амжилттай оролцоё гэж бодож байгаа бол эргээд нэг харах хэрэгтэй байна. Өнөөдөр үнэндээ лидер гээд байгаа хүмүүс маань өдөр тутмынхаа ажлыг л хийж байгаа болохоос цаашдаа ямар ямар өөрчлөлтүүд энэ улс төрд гархав, боловсон хүчнээ хэрхэн бэлтгэх, ямар бодлогоор хэнтэй хэнийг өрсөлдүүлж гаргаж ирэхэв, сөрөг хүчний зүгээс ямар байдлаар энэ улс эх орны хөгжилд түлхэц болж ажиллахав, эрх баригч намын буруу явуулж байгаа бодлогыг хэрхэн таслан зогсоохов гэдэг тал дээр нухацтай, дүгнэлттэй бодохгүй байна шүү дээ. Тиймээс л энэ байгууллагууд нэгдэж  шинэчлэлийг уриалж эхлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэж бодож байна.

Бага хурлын хувьд бол “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн дүгнэлтээ гаргасан.Анх долдугаар сарын 1-нд Уриалга гарган МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлж байсан. Дараа нь 18-нд шаардлага хүргүүлсэн гэдгийг мэдэж байгаа байх. Бид Бага хурлаа хуралдуулж чадсан. Бага хурлаас Их хурлаа ч зарлуулчихлаа. Дээр нь нэмээд их хурлын төлөөлөгчдийн тоог 720-н төлөөлөгч гэж санал оруулсаныг 1134 төлөөлөгч болгон өргөтгөж, томоохон ялагдал хүлээсэн нийслэлээс оролцох төлөөлөгчдийн тоог 2 дахин нэмүүлж чадсан. Намын удирдлага, хэрэг эрхлэх, Удирдах зөвлөл, одоогийн Бага хурал XXVII Их хурлаар бүгд огцрохоор болсон, аравдугаар сарын 27-29 өдрүүдэд болох Их хурлаа Шинэчлэлийн Их хурал болгон зарлалаа... гэх мэт олон ахицтай талууд байлаа. Тэгэхээр Бага хурлын үр дүнд сэтгэл хангалуун байгаа. МАН дотоод Ардчилалтай, нэг нэгнээ сонсож хүлээж авдаг гэдэг нь ч саяны бага хурлаас харагдлаа.

-Бага хурлыг өмнөөс бэлдэж, хайрцаглаж явуулсан гэж хүмүүс ярьж байсан. Ер нь МАН-ыг та бүхэн шинэчилж чадах нь уу?

- Бага хурлыг хайрцагласан гэж бодохгүй байна. Өнөөгийн ялагдалыг ярихаас илүүтэй МАН яагаад ард иргэдийн дунд ийм итгэл найдвар бага тээв, өмнө хийж бүтээсэн маш том том бүтээн байгуулалт, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтүүдийг ард иргэддээ сайтар ойлгуулж чадсангүй вэ, алдаа онооны дэнсийг яагаад дэнслүүлж чадсангүй вэ гэдгээ маш сайн бодох ёстой.

Шинэчлэл гэдэг бол цоо шинээр төрөх гэхээс илүүтэйгээр өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг хэлбэрийг сөрөг хүчний байр суурин дээр аваачих, одоог хүртэл ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэсэг бүлэг дарга нараа газарт буулгах, намын даргын эрх үүргийг сөрөг намын даргын эрх үүргээр сольж дүрэмдээ заах, дүрмийн шинэчлэл хийх, 2016, 2020 онуудын ялалтын эхлэлийг өнөөдрөөс бэлтгэн боловсон хүчиндээ анхаарах, “public leader”-ийг төрүүлэх системийг бий болгох, дотооддоо мэтгэлцээн, хэлэлцүүлгийг сайтар явуулах, анхан шатны гишүүдэд хүрч ажиллах, тооноос чанарт анхаарах тийм тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Намын ах нар 1996-2000 оныг яриад байна. 2016 онд ингэж байж байгаад л шууд ялчихна гэсэн байдлаар хандаад байна. Уучлаарай гэхдээ өнөөдөр чинь 2013 он. Тэр цаг үеэс хойш бүхэл бүтэн үе солигдчихоод байна шүү дээ. Нийгэм өөрчлөгдөж, мэдээллийн хурд гүйцэгдэхээ байж, технологийн эрин зуун эхэлчихээд байна. Тэр үед байсан АН нөхөд чинь бидний буянаар хоёр ч Засгийн газарт хамтарч ажиллаж, төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашаад үзчихсэн хашир муу санаатай чоно болчихоод байна шүү дээ. Тэр үеийн хонь, өнөөгийн чоно хоёрын хооронд асар том шинэчлэл явагдчихлаа. Үүнийг биднээс илүүтэйгээр ах нар маань бодитоор хармаар байна. Хэдий болтол өөрсдийгөө хуурч, ялна гэсэн цээжиндээ тээсэн бяцхан бодлоор явах билээ дээ. Энэ бол хөөрхийлөлтэй шүү үнэндээ. Жаахан хүүхдүүд гудамжинд биднийг шоолоод инээж байна. Тиймээс энэ бүхэнд цэг тавих тэр шинэчлэл бидэнд хэрэгтэй. Хэн нэгэн хүн гэхээс илүүтэйгээр бодлого, концепц, алсан хараа, үзэл баримтлалын тодотгол, системийн өөрчлөлтүүдийг яаралтай хийх хэрэгтэй. Улс эх орны ирээдүйн удирдагч нарыг өнөөдрөөс бэлтгэх тийм тогтолцоог бид бий болгохгүй бол ирээдүйд олон олон ялагдлууд хүлээж байгаа. Үүнд хэзээ ч эргэлзэж болохгүй. Тиймээс бид урагшаа хараад бага багаар ч гэсэн энэ шинэчлэлийг хийхийн тулд алхана гэж бодож байна.

-МАН-ын дараагийн даргаар М.Энхболд гишүүнийг томилохоор тохироо наймааг хийжээ. Та бүхэн хүлээн зөвшөөрөх үү?

-Хэн тийм тохироо хийснийг мэдэхгүй байна.Тийм тохироо хийгдсэн ч гэж бодохгүй байна. Нэг мэдэж байгаа зүйл бол МАН-ын далаад онынхон энэ удаа харин хойш сууж байх шиг байна. Тэд уг нь хангалттай боловсорч бэлтгэгдсэн хүмүүс. Боломж гэдэг үргэлж та бүхнийг дагаад л явж байдаг гэж харин бодож болохгүй гэдгийг, дараагийн удаа дүү нар чинь та бүхэнд ийм боломжийг олгохгүй гэдгийг харин тэдэнд сануулж хэлмээр байна. Намын даргыг өнөөдөр хэн бэ гэдгийг хэлэхээс өмнө хэн байх ёстой вэ гэдгийг шалгуураар гаргаад тавьчих нь зүйтэй болов уу. Улс төрийн намуудын тухай хууль намрын чуулганаар орох сурагтай байна. Энэ хууль батлагдвал МАН-д ямар сул тал нүүрлэх, ямар давуу тал нүүрлэж болзошгүйг өнөөдөр бид бодох ёстой. Энэ намыг газрын хөрснөөс арчина, зарим нь устах аюулд орлоо гэж яриад байх шиг байна. Гэхдээ ийм явдал болохгүй. Яагаад гэвэл ийм явдал гаргуулахгүй байж, гишүүдийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй энэ намын төлөө, үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө хүчтэй тэмцэгч байж зогсож чадах тийм намын даргатай болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ажлын хэсэг Шинэчлэлийн Их хурлын өмнө намын дарга байж болох шалгуур үзүүлэлтийг гаргаж тавина.

-Та нараас намынхаа удирдлагад орох хүсэл эрмэлзэл бий юу?

-Бид их олуулаа. Бүхэл бүтэн залуучууд, ахмад, дунд үеийн төлөөлөл бидний дунд байна. Энэ намын бодлого, үзэл баримтлал, үнэт зүйлийн төлөө цохилж ирсэн зүрхтэй гишүүд байна. Мэдээж шинэчлэл хийхийг хүсэж байгаа болохоор намын тодорхой албан тушаалд очиж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн энэ намыг улс эх орны бодлогод тустай, ард иргэдэд нээлттэй тэдэнд илүү боломжийг олгосон улс төрийн нам болгон шинэчлэх шаардлага бий. Түүний тулд хэсэг нөхөд маань намын удирдлагад гарч ажиллаасай гэж хүсэж байна. Тиймээс хүн бүр дотроо өөрийн бодолтой байгаа байх.

Миний хувьд бол би намын удирдлагад очихгүй ээ. Надад өнөөдөр НАМЗХ гэдэг 60000 гаран найз нөхөд маань байна. Тэднийхээ итгэлийг тээн ажиллаж байгаа. Залуучуудтайгаа байхад надад сайхан байдаг. Харин боломж гарвал хэсэгхэн хугацаанд суралцаж ирээд энэ улс төрийн тогооны гүнрүү орно гэдэг бодол бол бий. 

 -Энэ удаагийн даргаа шударгаар сонгож чадах болов уу. Фракц хоорондын зөрчил  их байх шиг байна?

-Манай намд албан ёсоор фракц гэж байдаггүй. Ялагдсан намын дарга болох эрх мэдлийг булаацалдахын оронд эв эеийг эрхэмлэн зөв бодлоготойгоор цааш алхах тийм эр зориг бий гэдэгт итгэж байна. Эвт шаазгай буга барина гэдэг үг байдаг.  

- Намынхаа эсрэг байр суурьтай байгаа гишүүдэд хариуцлага тооцно гэсэн. Яг  ямар хариуцлага тооцох вэ?

-Намын дүрмийн 6.5 гэсэн заалт бий. Намаас хөөх. Манайхан дэндүү нялуун, бас бие биендээ тал засаж, үлбэгэр байдаг талууд бий. Энэ бас ялагдлын нэг суурь нь болчихоод байна. Намынхаа эсрэг, нэр дэвшигчдийнхээ эсрэг ажиллаад байхад л за за яахав гээд толгойг нь илээд хариуцлагын арга хэмжээ авдаггүй. Энэ байдал нь намд хэтэрхий удаад ирэхээр даврах гэдэг зүйл гараад ирж байгаа юм. Дэндүү даварсан нөхөд олон байна. Ажил хийхгүй, татвараа төлөхгүй, орон нутагтаа очихгүй тэгээд дандаа л хэвлэлээр олон юм ярьж байдаг нөхөд байна. Саяны бага хурлаар ийм нөхдийг ядаж бага хурлаасаа гаргаачээ гэдгийг хатуу хэлсэн. Гэвч бас л толгойг нь илээд бага хурлын гишүүнээр нь хэвээр нь үлдээж байх жишээтэй. Ийм байдлыг энэ удаагийн Шинэчлэлийн их хурлаараа халж чадахгүй юм бол МАН-ын шинэчлэл эрс шийдэмгий байдалтай байж чадахгүйд хүрнэ. Одоо нялуурч ханалаа ш дээ. Тиймээс тэр нутаг заана гэдэг шиг сайхан явуулчих хэрэгтэй. Тус болохгүй ус л болно тийм нөхөд. Хэний хүүхэд, хэн байсан нь ер нь ямар хамаа байнаа. Аав ээж нь манай намын томоохон лидер байхад хүүхэд нь Ардчилсан намын гишүүн, төрийн өндөр алба хашаад явж л байна. Тэгсэн мөртлөө нам дээр ирэхээрээ сонгогчдод нөлөөлж чадсангүй та нар муу байлаа гээд л яриад байдаг. Өөрсдөө үр хүүхдээ энэ намын гишүүн байлгаж чадаагүй, ухамсар, үзэл баримтлалаа хажууд нь байж ойлгуулаагүй байж одоо бусад гишүүдэд том зүйл ярих хэрэг үнэндээ байна уу. Үүнийгээ бас бодох л хэрэгтэй.

-Шүүхээр авлигын хэрэгт холбогдсон нь  тогтоогдсон намын гишүүнд хэрхэн хариуцлага оногдуулах вэ?

-Яг үнэндээ өнөөдрийг хүртэл авлигын хэрэгт холбогдсон нь тогтоогдоод намаас хөөгдсөн нэг ч хүн алга. Намын дүрмийн 6.5.2 гэсэн заалт л даа. Авилга авч, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө төгрөг идсэн нь Шүүхээр тогтоогдсон бол намаас хөөгдөх заалт. Сонгууль дөхөхөөр л баахан хэргүүд ил гарч ирээд байдаг. УИХ-ын сонгуулиар баахан засаг дарга нарыг барьж хорьсон. Сонгууль дууслаа маргааш нь хэрэгсэхгүй болж байх жишээтэй. Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиар ч бас энэ байдал үргэлжиллээ. Ардчилсан Нам бас жудаггүй муухай загнаж байна л даа. Залуучууд үүнээс бүү муу сургамж аваасай гэж бодож байгаа. Маш удаан хугацааны өшөө авалтын эхлэл тавигдчихсан байх вий гэж айж байна. Намын харьяаллаар нь далимдуулан төрийн албан хаагчдийг хоморголон халлаа шүү дээ. Төрийн буруу бодлого яваад эхэллээ. Дээрээ яахав  мундаг улс төрчид төрийг асуудалгүй аваад явчихна гэж бодож байгаа байх. Гэхдээ долларын ханш ямар болчихоод байна, төрийн алба ямархуу байдалтай байна гээд л үзэхэд Дэнзэн нарын хүмүүс хэтэрхий их байгаа мэт. Бүх ажил хэрэг төрийн албан дээр явагдаж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Алган дээрээ алтан бөмбөрцөг эргүүлэх энэ цаг мөчийг олон жил Ардчилсан нам хүлээсэн. Одоо эргүүлж байна. Бөмбөрцөгөө зөв эргүүлээсэй.

-Шинэчилье хөдөлгөөн дотроо хоёр хуваагдсан. С.Баяр, У.Хүрэлсүх нартай холбоотой гэж хардах хүмүүс цөөнгүй байна?

-“Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн 2 хуваагдсаныг таниас сонсож байна. Уг нь би өдөр болгон хөдөлгөөний ажилд оролцдог идэвхтэй гишүүдийн нэг. Одоогоор хуваагдсан зүйл алга. “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний эхний зорилт биелэсэн. Энэ хөдөлгөөнд 18 байгууллага нэгдсэн байгаа гэж би хэлсэн. Эхний шатны төлөвлөлт биелэсэн болохоор цаашдаа ажил үүргийн хувиарлалтын дагуу салж ажиллахыг үгүйсгэхгүй. Баярын, Хүрэлсүхийн, Батболдын гээд л залуучуудыг хувааж нэрлэх юм. Ийм байдлыг л арилгаж чадаагүй тохиолдолд шинэчлэл явагдсан гэж хэлээд хэрэггүй. Тахиа донгодсон ч, эс донгодсон ч үүр цайдгаараа л цайна гэж Баяр дарга хэлж байсан. Тэгвэл ургаж байгаа ногоо дэвсэнэ ч ургана шүү дээ. Холын улс төрд явж байгаа залуучууд хэн нэгний нэрийн дардсыг духан дээрээ даруулчихаад хол явж чадахгүй л болов уу. 

-Бага хурлын өмнөх шөнө Тусгаар тогтнол ордны өмнө байсан гэрийг зөвшөөрөлгүй буулгасан байсан?

- Тэр гэр шинэчлэлийн хорооны гэр байсан. “Шинэчилье” Нэгдсэн хөдөлгөөнд нэгдэж ажиллаж байгаа бас нэг байгууллага. Хэн гэрийг нь буулгаад, хэн олоод, хэн эргээд барьсныг үнэндээ мэдэхгүй байна. Миний хувьд гэр барихаас илүүтэй ширээний ард удаан сууж дүрэмд оруулах өөрчлөлт, зохион байгуулалт бүтцийн хэлбэрүүд, тогтолцооны шинж төрх, эрдэмтэн судлаачдын хамтарсан хэлэлцүүлгүүд, анхан шатанд өдөр шөнөгүй ажиллаж байгаа тэр эгэл гишүүдийн хүсэл эрмэлзэлийг мэдрэх, энэ намын улс эх оронд оруулж чадах тэр боломжуудыг судлах тал дээх илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Э.Оюунцэцэг
Эх сурвалж: medee.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш