logo
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан манай улсад хүрэлцэн ирлээ

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан манай улсад хүрэлцэн ирлээ

2013/08/12

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий Захирал хатагтай Др. Маргарет Чан өнөөдөр хүрэлцэн ирлээ. Хатагтай Маргарет Чаныг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Др Су Нюунт У, Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон албаны бусад хүмүүс угтан авлаа. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал хатагтай Чан хэлэхдээ, “Танай сайхан орны тухай олон удаа сонсож байсан болохоор ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Хэдийгээр нислэг маань цаг агаарын байдлаас шалтгаалан багагүй саатсан ч та бүхнийг халуун дотноор угтан авч байгаад маш их баяртай байна” гэлээ.

Тэрээр манай улсад энэ сарын 11-нээс 14-ний өдрүүдэд айлчлах юм. Хатагтай Маргарет Чан айчлалынхаа хүрээнд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, НББСШУ-ны Байнгын хорооны гишүүдтэй уулзаж, санал солилцох, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Төв аймгийн Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд зочлох болон “Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” номын нээлтэд оролцох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш