Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдөр / 2013.08.15 / Төрийн ордны “Г” танхимд Рио Тинтотой холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ “Сүүлийн үед Оюу Толгой төслийг удирдаж байгаа компанийн зүгээс үндэслэлгүй, олон мэдэгдэл, мэдээлэл цацаж байгаа нь Монгол Улсын нэр хүндэд бүдүүлгээр халдсан, Монголын Засгийн газрыг иргэдэд муухайгаар харуулах гэсэн увайгүй харагдуулах үйлдэл хийж байна. Рио Тинтогийн гүжэр гүтгэлэг, сүрдүүлэлтэнд Монгол улс автан тэдний шийдвэрийг дагавал, үр дүн нь ард түмний нуруун дээр шаардлагагүй өрийн дарамт үүсэхэд оршино” гэлээ. Мөн тэд анхны хөрөнгө оруулалтаа 24.4 тэрбум ам.доллар болгохоор улайрч, өрийн бичигт хүчээр гарын үсэг зуруулахаар тулгаж байна. Анхны хөрөнгө оруулалтыг монголын тал зөвшөөрснөөр 2031 оноос авч эхэлнэ гээд байгаа ногдол ашиг нь 2046 он хүртэл хойшлоно.
Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 5 тэрбум 124 сая ам.долларт ТЭЗҮ-ийн дүгнэлт цөм багтсан байдаг. Гэтэл Рио Тинто ийнхүү шахалт үзүүлж байгаа нь тэдний сурсан арга барил. Тэд уул уурхайн томоохон орд бүхий улс орныг залгихдаа Засгийн газрыг муухай харагдуулах, захиалгаар элдэв мэдээлэл тарааж, талцуулдагаараа алдартай. Засгийн газар Рио Тинтогийн шахалтыг зөвшөөрвөл бидний үр хүүхэд хойч үе бидэнд гомдоно. Тиймээс ирээдүйгээ өрөнд оруулахгүй гэж үзвэл Засгийн газар, монголын ард түмэн нэг талдаа зогсч, нэг санаатай болох ёстой. Засгийн газрыг ажлаа сайн хийж чадахгүй байгаа талаар яригдаж байна, Рио Тинто-гийн ятгалга, хатгаасанд битгий автаарай. Бид нэг талдаа зогсч байж улс эх орныхоо сайн сайхны төлөө, ирээдүйнхээ төлөө зөв сонголт хийх ёстой” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.