logo
Барак Обама АНУ, Египетийн хамтарсан цэргийн сургуулилтыг цуцаллаа

Барак Обама АНУ, Египетийн хамтарсан цэргийн сургуулилтыг цуцаллаа

2013/08/16
Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Египетэд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж мэдэгдэл хийхдээ хоёр орны зэвсэгт хүчний хамтарсан "Bright Star" хэмээх сургуулилтыг цуцалсан тухай мэдэгдлээ. Тус оронд болж буй үйл явдалтай холбогдуулан Египетэд нүүрлээд буй хүчирхийллийг зогсоохын тулд АНУ-ын зүгээс дараа дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлж болохыг ерөнхийлөгч сануулж хэлэхдээ "Би өөрийн Үндэсний Аюулгүй байдлын багт Египетийн түр засгийн газрын хийж буй алхмуудад үнэлэлт дүгнэлт гаргаж, АНУ-Египет хоёр орны цаашдын харилцааны талаар бидний зүгээс хийж болох алхмуудыг тодотгох даалгаврыг өглөө..." хэмээн мэдэгдэв. 

 Мөн ерөнхийлөгч Барак Обама тус улсад үүссэн улс төрийн ээдрээтэй байдлыг төрийн эргэлт гэж нэрлэхээс энэ удаа мөн татгалзсан бөгөөд хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс ийм байр суурь илэрхийлсэн нөхцөлд АНУ-аас Египетэд үзүүлдэг бүх тусламж дэмжлэгийг зогсоох хүртэл арга хэмжээ авч болох юм. Тэрээр "...АНУ-ын Засгийн газар Египтийн түр засгийн газар болон тус улсын хүчний байгууллагуудын авч явуулж буй алхмуудыг эрс буруушааж байна. 

  Жирийн иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь бидэнд тун харамсалтай байна. Бид аль нэгэн улс төрийн хүчин, бүлэглэлийн талд орохгүй, харин энх тайван, хөрөнгө чинээлэг, ардчиллын замаар замнасан Египет орон байхыг л хүснэ, энэ бол бидний ашиг сонирхол... Гэхдээ Египетийн ирээдүйг АНУ тодорхойлохгүй, энэ бол Египетийн ард түмний гарт байх ёстой асуудал. Египетийн ард түмэн сүүлийн өдрүүдэд үзэж туулж буй бэрхшээлээс ангид байх эрхтэй улс. Энгийн ард иргэдийн эсрэг давтагдаж буй хүчирхийллийг таслан зогсоох ёстой гэдгийг Египетийн ард түмэнд хандаж хэлэхийг хүслээ. Мөн Египетийн удирдагчдад хандаж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх эрх чөлөөг даган мөрдөж, дээдлэхийг уриалж байна." хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

Б.Эрхэс /Shuum.mn/ 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш