logo
Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлнэ

Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлнэ

2011/08/27
Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газартай хамтран Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх ажиллагааг эхэлснээс хойш даруй дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд цахим худалдан авах ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэх ажлын хүрээнд явуулах хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах, Худалдан авах ажиллагааны цахим системийг боловсруулах, Цахим системийн хүрээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Энэхүү ажлыг улам бүр боловсронгуй болгох үүднээс БНСУ-ын худалдан авах ажиллагааны агентлагын удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр болон Худалдан авах ажиллагааны газрын удирдлагуудтай уулзаж ажил хэргийн яриа өрнүүллээ. Мөн уулзалтын дараа Монгол улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын худалдан авах ажиллагааны агентлагийн хооронд засгийн газрын худалдан авах ажиллагаатай холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн үндсэн удирдамжаар хангах зорилгоор Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр болон Солонгосын Худалдан авах ажиллагааны газрын дарга Чой Гю Ён нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд 2 тал нь Засгийн газрын худалдан авах ажиллагаа болон түүний дотор цахим худалдан авах ажиллагаатай (e-Procurement) холбоотой мэдээлэл, туршлага солилцох үүднээс дараахь чиглэлд хамтран ажиллах юм байна. Засгийн газрын худалдан авах ажиллагаа болон түүний дотор цахим худалдан авах ажиллагааны (e-Procurement) систем, дүрэм, хууль эрхзүйн зохицуулалтын талаарх мэдээллийг солилцох мөн худалдан авах ажиллагааны салбарт мэргэшсэн мэргэжилтнүүдийг солилцох, Цахим худалдан авах ажиллагааны системийн үйл ажиллагаа, хэвийн байдлыг хангах үүднээс шаардлагатай мэдээлэл, технологийн туслалцааг үзүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Мөн харилцан тохиролцсоны дагуу Засгийн газрын худалдан авах ажиллагаанд оролцогч албан хаагчдыг сургалтад хамруулж, Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим тендер шалгаруулалт, цахим дэлгүүрийн системийг хэрхэн ажиллуулах, удирдах талаар харилцан санал, бодлоо солилцох ажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш