logo
Холбооны засгийн газарт санхүүгийн хямрал заналхийлж байна

Холбооны засгийн газарт санхүүгийн хямрал заналхийлж байна

2013/08/28
АНУ-ын Сангийн Сайд Жэкоб Лив  хэрэв конгресс  Холбооны Засгийн газрын зээлжих эрхийн дээд хязгаарыг өсгөх арга хэмжээ авахгүй бол ирэх 10 сарын дунд үеэс АНУ-ын Засгийн газрын данс улайж, төлбөрийн чадваргүй болох нөхцөл бүрдсэн тухай захидлыг хууль тогтоогчдод хаяглан хүргүүлжээ. Одоогийн хуулиар АНУ-ын Засгийн газрын зээл авах дээд хэмжээг 16.7 триллион доллараар  тогтоож өгсөн байдаг бөгөөд Конгресс нэн даруй энэ хязгаарыг нэмэгдүүлж өгөхгүй бол холбооны засгийн газрын авсан зээл энэхүү дээд хязгаарт тулчихсан аж.  Тэрээр өнгөрсөн Даваа гарагт Конгрессийн Төлөөлөгчдийн Танхимын дарга Жонн Боенерт хаягласан захидалдаа Сангийн яамнаас урьд жилүүдэд авч хэрэгжүүлдэг байсан зээлийн хязгаарт хүрэхээс сэргийлэхдээ дансны зохицуулалт, гүйлгээний аргаар зайлсхийж байсан бүхий л арга чаргаа нэгэнт барж, өөр мэдэх мэхгүй болсон тухай өгүүлээд Конгресс яаралтай арга хэмжээ авч Сангийн яаманд засгийн газрын зардлыг санхүүжүүлэх боломж олгохыг хүссэн байна. Тэрээр CNBC телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ "...Цаг хугацааг буцааж болдогсон бол өнгөрсөн хугацаанд амалсан амлалтуудаа буцаахсан. Олон жил дамнасан төлөгдөөгүй маш их хэмжээний төлбөр хуримтлагдсан байна..."  хэмээн өгүүлсэн байна. Ер нь бол АНУ-ын засгийн газрын зарлага орлогоосоо цагт ямагт давж гардаг ба сүүлийн 4 санхүүгийн жил турш төсвийн алдагдал жил бүр 1 триллион долларт хүрч, гал алдахгүйн тулд энэхүү төсвийн алдагдлыг зээлийн хөрөнгөөр нөхөж ирсэн ажээ.  Дашрамд дурьдахад 2011 онд Ерөнхийлөгч Обама болон Конгрессийн нөлөө бүхий улс төрчдийн хооронд хэдэн сар үргэлжилсэн зөвшилцөөны үр дүнд засгийн газрын зээл авах эрхийн дээд хязгаарыг өсгөж байсан билээ.

Б.Бат-Эрхэс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш