logo
Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2013/08/29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайд Чой Бу Ил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга ноён Ким Чен Ын-д халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүслээ. Мөн энэ жил Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Хойд Солонгосын удирдагч агсан Ким Ир Сен Монголд айлчилсны 25 жилийн ой тохиож буйг онцолсон юм.
 
Сайд Чой Бу Ил Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын-ы мэндчилгээг уламжилж БНАСАУ, Монгол Улсын харилцаа урт удаан хугацааны түүхэн уламжлалтайг тэмдэглэн хэллээ. Цаашид ч хоёр орон уламжлалт найрсаг харилцаагаа ард түмнүүдийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэх болно гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ чухал үүрэгтэй байдгийг тэмдэглээд хоёр орны харилцаанд тохиож буй түүхэн ойн энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд БНАСАУ-д албан ёсоор айлчлах урилгатай байгаагаа хэлж, айлчлалын үеэр тус улсын залуу удирдагч Ким Чен Ын-тай уулзаж хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.
 
Мөн Монгол Улсын Хууль зүйн яам, БНАСАУ-ын Ард түмнийг аюулаас хамгаалах яамны хооронд хамтын ажиллагаа хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ. Энэ оны есдүгээр сард БНАСАУ-д болох хоёр талын Засгийн газар хоорондын комиссын есдүгээр хуралдаан үүнд чухал ач холбогдолтой болохыг хэлж байв. Монгол Улс, БНАСАУ өөрсдийн нөхцөл боломж, давуу талдаа түшиглэн худалдаа, ажиллах хүч солилцох, аялал жуулчлал, биеийн тамир, спортын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой гэлээ.
Хамтын ажиллагааны уламжлалт салбар болох соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр мөн байр сууриа илэрхийлэв.

Монгол Улс “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” хийх санаачлагыг дэвшүүлснийг мөн тэмдэглэн хэлээд БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайдын Монголд хийж буй айлчлал хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хууль тогтоох, хууль сахиулах байгууллагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн айлчлалд нь амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш