logo
 Утасгүй холбооны шинэ үе эхлүүлэхэд Солонгосчуудтай хамтран ажиллана

Утасгүй холбооны шинэ үе эхлүүлэхэд Солонгосчуудтай хамтран ажиллана

2013/08/31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцлээ. Монголын цахилгаан холбоо ХК-д хөрөнгө оруулалт хийх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Кореа телеком компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэж, түүнд гарын үсэг зурах эрхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар болон Төрийн өмчийн хороонд олголоо.

Дараа үеийн утасгүй сүлжээ буюу 4G LTE технологи нэвтрүүлэх, Монголын зах зээлд утасгүй холбооны шинэ үе эхлүүлэхэд талууд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана.

Төрийн өмчийн оролцоотой МЦХ ХК-ийн хувьцааны 40 хувийг Кореа телеком компани 1995 оноос эхлэн эзэмшин хамтран ажиллаж байгаа юм. Кореа телеком нь БНСУ-ын үүрэн болон суурин утасны хувийн өмчийн томоохон компани бөгөөд 4G LTE технологид суурилсан интернэтийн үйлчилгээг Солонгос улс даяар амжилттай нэвтрүүлсэн цорын ганц оператор аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш