logo
 “Улаанбаатар метро” төсөлд шаардагдах хөрөнгийн   тооцоо гаргаж, зээлийн гэрээний төсөл бэлтгэхийг даалгалаа

“Улаанбаатар метро” төсөлд шаардагдах хөрөнгийн тооцоо гаргаж, зээлийн гэрээний төсөл бэлтгэхийг даалгалаа

2013/08/31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болж, дараахи асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Улаанбаатар  метро" төслийн  судалгааны тайланг хэлэлцлээ. Нийслэлд нийтийн тээврийн метро барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд "Улаанбаатар метро" төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Метро байгуулснаар эдийн засагт шууд бусаар олон үр дүн, өгөөж өгнө. Тухайлбал, 2030 он хүртэл метроны буудал орчимд ойролцоогоор 1,300 га талбайг дахин хөгжүүлэх боломжтой. Давхруудын нийт талбайг 850$/м2 гэж үзвэл 10.5 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болно. Үүнийг дагаад 156 мянган ажлын байр шинээр бий болж, улсад хуримтлагдах татвар нэмэгдэнэ. Өртөө орчмыг хөгжүүлэх хүрээнд шинээр 50 мянга орчим айлын орон сууц барина. Иргэд автобусаар 45 минут явдаг газар 15 минутад очдог болно. Төвийн дүүргүүдийн түгжрэл багасч, хөдөлгөөний ачаалал 16%-иар буурч, хурд 25% нэмэгдэнэ. Автомашины ослын тоо буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, нийгмийн зардал багасах юм. 

"Улаанбаатар метро" төслийн судалгааны тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нарийвчилсан судалгааг 2015 онд багтаан дуусгах шийдвэр гаргалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш