logo
46 ам.доллараар авч байсан зураг 390,000 ам.долларын үнэд хүрэв

46 ам.доллараар авч байсан зураг 390,000 ам.долларын үнэд хүрэв

2013/09/05
Робин Дарвелл гэгч Англи эр энэ уран зургийг бусад эд зүйлсийн хамт Кантерберид болсон үзэсгэлэн худалдаан дээрээс 46 ам.доллараар авч байжээ. Ил захидалын хэмжээтэй тус зураг Дарвеллын шургуулганд 10 –аад жил хөсөр хэвтсэний эцэст алдарт зураач Жон Констеблийн (1776 - 1837) зураг болох нь тогтоогдож, 390,000 ам.доллараар үнэлэгдэх болсон байна. Хүрээнийх нь ард хэсэгт бичигдсэн бүдэгхэн гарын үсэг зурагны эзнийг олж мэдэхэд тус болжээ.

Дарвелл зургийг өөрийн хүү Робертод өгснөөр хүү нь зурагны үүх түүхийн талаар судалж, хэн зурсныг олж мэдэхээр шийдсэн байна. Тэрээр Их Британийн "Эрдэнэсийн Ангуучид" телевизийн шоуны мэргэжилтэн Куртис Доулинтэй холбогдсоноор асуултынхаа хариуг олж мэджээ.

Дарвелл, Доулин нарын үзэж байгаагаар зураач Констебл тус зургийг хадам аавдаа зориулж бэлэг болгон өгөхөөр зурсан байж магадгүй ажээ. Ямартай ч зургийг аюулгүйн үүднээс банкны сейфэнд хадгалж байгаа юм байна. Өнгөрсөн онд Жон Констеблийн "The Lock" нэртэй уран зураг Лондоны Christie's –ийн дуудлага худалдаагаар 34.8 сая ам.долларын үнэд хүрчээ. Ингэснээр Англид өнөөг хүртэл зарагдсан хамгийн өндөр үнэтэй зурагнуудын нэг болсон юм.

РАЛЬДИЙ.А
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш