logo
Бүгд Найрамдах Того Улстай  дипломат харилцаа тогтоов

Бүгд Найрамдах Того Улстай дипломат харилцаа тогтоов

2013/09/09

НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Того Улстай энэ сарын 6-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Того Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Коджо Менан нар гарын үсэг зурав. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Монгол, Бүгд Найрамдах Того Улсын Байнгын төлөөлөгчид хамтарсан захидал мөн илгээв.    

Бүгд Найрамдах Того Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна.

Тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж буй Бүгд Найрамдах Того улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцан туршлагаа хуваалцаж, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш