Хэдхэн сарын өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгууль намуудын халаасыг гүвж, АН-аас бусад нь өрөнд баригдаж гүйцээд байна. Сонин хэвлэл, сайтуудад гаргасан сурталчилгааныхаа мөнгийг төлж дийлэхээ байсан МАХН-ынхан л гэхэд бүр улаан цагаандаа гарч, “Мөнгө байхгүй. Өрөө төлж чадахгүй” хэмээн гэдийдэг болоод удаж байна. Гэвч шоронгоос саяхан суллагдсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн амралтын өдөр намынхаа удирдлагуудыг Солонгост дуудаж, олны нүднээс далд нууцаар хуралдсан. Солонгосын эмнэлэгт болсон энэ хурлын үеэр өр ширээ дарах асуудлыг ярилцаж, Н.Энхбаяр Д.тэрбишдагвад мөнгө олох үүрэг даалгавар өгсөн гэнэ. Тэгвэл Ардын намынхан бүүр ч улаандаа гарсан. Мөнгө байхгүй хэмээн “Тусгаар тогнолын ордон” нэртэй гоё цагаан байрныхаа цахилгааныг таслуулж, намын дарга нь халааснаасаа гаргаж өгсөн гэдэг онигоонд хүртэл ороод байгаа. Тус намаас өр нэхсэн хүмүүс гурван давхрынх нь үүдийг салж унатал эргэлдэж, санхүүгийн ажилтнууд нь өрөөндөө суух нь бүү хэл, утсаа ч авахаас айдаг болоод удаж байна. Ямартай ч тус намын хэвлэлийн албаныхан сонин хэвлэлд гаргасан сурталчилгааны төлбөр, гудамжинд өлгөсөн самбарын мөнгө, тэр ч бүү хэл намын байрныхаа харуул хамгаалалтынхаа төлбөрийг ч бүрэн өгч чадахгүй сууж байна. Харин сүүлийн үед ер гаруй жилийн түүхтэй том нам ганцхан сонгуульд өвдөг шороодож, муугаа дуудуулж байгаад санаа зовох хүн ганц нэг гарч ирж байгаа бололтой. Ирэх долоо хоногоос Ардын намынхан өрөө төлнө гэдэг мэдээлэл цацагдаж эхэллээ. Уг нь өргүй бол баян гэдэг үг бий дээ.