logo
Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн өдөр тохиож байна

Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн өдөр тохиож байна

2013/09/13
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож, 23 дахь жилтэйгээ золгож байна.

  1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал иргэдийн хувийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улс төрийн системийн ардчилсан тогтолцоо, өмчийн олон хэлбэр, зах зээлийн эдийн засгийг бий болгосон билээ.

   Үнэхээр 1990-1992 он бол Монгол Улсын хувьд нийгмийн байгуулал, улс төрийн тогтолцоо, эдийн засгийн төдийгүй Үндсэн хуулийн шилжилтийн үе байв. Энэ шилжилтийн үеийн парламентат ёсны тогтолцоонд Ардын Их Хурлаас байгуулагдсан, Ардын Их Хуралд үйл ажиллагаагаа тайлагнадаг Улсын Бага Хурал онцгой байр эзэлнэ. 1990 оны зургадугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт ардчилсан сонгууль болж, Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулж, улмаар тухайн оныхоо есдүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхлүүлснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдсэн билээ.

                                                                    Ардын Их Хурлын чуулганы хуралдаан.

   Ардын Их Хурлын депутатуудаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын Бага Хурал нь Монгол Улсын төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх түүхэн үүрэг хүлээсэн юм. Хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Бага Хурал парламентат ёсыг жинхэнэ утгаар нь бүрдүүлэн тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент байлаа.

                                           Улсын Бага Хурлын гишүүдийг танилцуулж байгаа нь.

Улсын Бага Хурал монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар түүхэн гавъяа байгуулсан парламент. Юуны өмнө Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан батлуулсныг тэмдэглэх хэрэгтэй. Улсын Бага Хурлаас боловсруулж Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлсэн Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдснаар нийгмийн бүх хүрээнд ардчилсан зарчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн харилцааны тулгуур эхлэл тавигдсан юм. Тухайлбал, улс төрийн харилцааны хувьд олон намын тогтолцоог баталгаажуулсан ардчилсан дэглэмд шилжсэн. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцах болсон. Өөрөөр хэлбэл олон урьгалч үзлийг нийгмийн оюун санааны иш үндэс болгосон. Энэ бол ардчиллын чухал үнэт зүйлсийн нэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын тухай, Үндсэн хуулийн Цэцийн тухай болон БНМАУ-ын шүүхийн байгууламжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, төрийн байгууллын шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

  Эдийн засгийн харилцааны хувьд нийтийн өмчид суурилсан аж ахуйн социалист тогтолцоо дангаар ноёрхож байсныг халж, олон хэвшилт эдийн засагтай болох харилцааг хуульчлан баталгаажуулсан. Шударга өрсөлдөөнд үндэслэсэн зах зээлийн эдийн засгийн харилцааг тогтоож, түүнд төрийн оролцоог хязгаарлаж өгсөн. Хувийн ба нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн өмчийг задлан хувьчлах, иргэд хувийн аж ахуй эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, банк, гааль, албан татварын зэрэг хуулиудыг шинэчлэн баталжээ.

   

                      Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж /голд нь/, орлогч дарга К.Зардыхан,

                               нарийн бичгийн дарга Б.Чимид нар шинэ Үндсэн хууль батлах үеэр.

Улсын Бага Хурал бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байв. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар сонгогдон ажиллаж байв. Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, шууд Ардын Их Хурлаас нэр дэвшүүлэн сонгогдсон. Харин 50 гишүүний тухайд сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний мандат буюу суудал хувь тэнцүүлэн хуваарилж (5 хувьд 1 мандат), намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгосон юм. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам 4, Монголын үндэсний дэвшлийн нам 3 суудал тус тус авчээ.

  

                                                              Улсын Бага Хурлын хэсэг гишүүд.

Улсын Бага Хурал нь бүтцийн хувьд Төрийн байгуулалтын (дарга нь С.Баяр), Хууль зүйн (дарга нь Л.Цог), Эдийн засгийн (дарга нь М.Энхсайхан), Нийгмийн бодлогын (дарга нь Т.Очирхүү), Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын (дарга нь Р.Хатанбаатар) гэсэн таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж иржээ.

   Улсын Бага Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 27 хууль шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн олон улсын 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж, 11 хууль хүчингүй болгосон байна.

  Ийнхүү байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал нь Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон 1992 оны 7 дугаар сарын 29-нд ажлаа эхэлсэн Монгол Улсын Их Хуралд эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон юм.

   Тэр цагаас хойш төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурал нь ард түмний сонголтоор дөрвөн жил тутамд шинэчлэгдэн байгуулагдах болсноор эдүгээ зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш