Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр телемедициний технологи ашиглан мэс засал хийлээ. Энэ нь Монгол Улсад хийгдэж буй анхны тохиолдол болж байна.
2009 оноос эхлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологи ашигласан эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Энэхүү 4 жилийн хугацаанд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс ирсэн хүсэлтийн дагуу 75, яаралтай тусламжийн чиглэлээр 60 удаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөлөөг орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд өглөө.
Хүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, алслагдсан нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь олон давуу талтай хамгийн оновчтой хэлбэр болох нь мэдэгдсээр байна.
Телемедициний нэгдсэн сүлжээг мэргэжил арга зүй удирдлагаар хангах үүрэгтэй Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 2013 оны 10 сарын 3-ны өдөр Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч Чойжилжамц, Нарантуяа нарын хийж буй мухар олгойн үрэвслийн хүндрэлээс үүдэлтэйгээр хэвлийн хананд зориудаар гаргасан нүх битүүлэх, гэдэс залгах мэс засалд телемедициний технологи ашиглан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Л.Амгалангаар зөвлөгөө өгүүлэх ажлыг зохион байгуулж явууллаа. Мэс засал 2 цаг 30 минут үргэжлэн амжилттай явагдаж дууслаа.
Ингэснээр анагаах ухааны салбар өндөр хөгжсөн улс орнуудад ашиглагддаг эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг хэлбэр болсон телемедициний буюу зайны оношилгоо, эмчилгээний технологи Монгол улсад хөгжих бололцоо нээгдлээ. Энэхүү технологийн тусламжтайгаар иргэдэд орон зай цаг хугацаанаас үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээг эдийн засгийн хэмнэлттэйгээр хүргэх бүрэн боломж бүрдлээ.
Н.Туяа