logo
Хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн гэсэн хэлбэрүүдтэй байна

Хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн гэсэн хэлбэрүүдтэй байна

2013/10/04

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын болон найруулгын шинжтэй өөрчлөлтүүдийг дараах байдлаар төсөлд тусгажээ.
Хөрөнгө оруулалтын санг болон сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэх, түүнд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлэх үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг төрийн байгууллагын зүгээс тухайн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд өгөх баталгаа гэж үзэхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын сан, түүнд үйлчилгээ үзүүлж байгаа зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны улмаас хөрөнгө оруулалтын сангийн гишүүдэд болон бусдад учирсан хохирлыг төр хариуцахгүй байх зэрэг зарчмын өөрчлөлт, нэмэлтүүдийг төслийн холбогдох зүйл, заалтад тусгасан байна.
Мөн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацааг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс үл хамаарч 10 хүртэл жил байх, Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлийг тухайн санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн нэгж эрхийн тухайлсан бүртгэлд үндэслэн хөтлөх, нэгж эрхийн тухайлсан бүртгэлийг тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа кастодиан хөтөлж байх, Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийг менежментийн компани гүйцэтгэх бөгөөд тус компани нь Хороонд бүртгүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрх авсан мэргэшсэн нягтлан бодогчоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг Хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн холбогдох зүйл, заалтуудад үг үсгийн зохих найруулгатайгаар томьёолон тусгасан хэмээн Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар танилцуулгадаа дурдсан.
Хуулийн төсөлд тусгаснаар Хөрөнгө оруулалтын сан нь хамтын хөрөнгө оруулалтын, хувийн хөрөнгө оруулалтын гэсэн хоёр хэлбэртэй байх нь.
Гишүүд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуусны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан дээрх хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Үүний дараа “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тогтоолын төслийн талаар танилцуулан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл уншиж сонсгосон.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.6-д гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан аж. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгтэйгээр үзсэн байна. Төсөл санаачлагчийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцогчдын олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Чуулганы төгсгөлд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ. 

Н.Туяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш