Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэж байна гэсэн хардлаагаас үүдэлтэй хоёр орны одоогийн дайсагналцсан харицалцааг хэвийн болгох эхлэл тавигдаж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц үйл явдал тун саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган дээр болов. Уламжлал ёсоор жил бүрийн чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр улс орнуудын төр, засгийн газрын тэргүүн нар олон улсын чухал чухал асуудлаар өөрсдийн орны байр суурийг илэрхийлдэг билээ. Ираны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хасан Рухони үг хэлэхдээ бид “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна. Цөмийн зэвсэг Лалын Бүгд Найрамдах Улсын цэргийн номлолд ордоггүй. Цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг манай шашин, ёс зүйд харш юм. Иран, АНУ-ын харидцааны түгшүүртэй байдлыг даамжруулах сонирхол бидэнд байхгүй” гэжээ. Үүнээс гадна Иран, АНУ-ын ерөнхиийлөгч нар НҮБ-ын чуулганы үеэр биечлэн уулзах байх гэж ажиглагчид таамлаглаж байсан ч тийм уулзалт болсонгүй, гэхдээ хоёр ерөнхийлөгч есдүгээр сарын 28-нд утсаар ярьж, АНУ, Ираны харилцааны асуудлаар яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлсэн нь 1979 оноос хойш хоёр улсын харилцааны түүхэнд хоёр орны удирдагчмд анх удаагаа өөр хоорондоо холбоо тогтоосон үйл явдал болж, дараа нь Барак Обама ”Ираны цөмийн асуудлыг зохицуулах боломжтой гэж үзэж байна” хэмээн мэдэгдэж, дээр нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг гурван сарын хугацаанд, их удлаа гэхэд зургаан сарын хугацаанд амжилттай болгож болно гэсэн мэдэгдэл хийсэн нь мөнөөх харилцаа бүлээсч магадгүй гэсэн найдварыг нэмэгдүүлэв. Хоёр ерөнхийьөгч утсаар холбоо барьсан нь хоёр талын үр ашигтай яриа хэлэлцээний эхлэл болсон байж болохыг бас үгүйсгэх аргагүй.
Гэхдээ НҮБ-ын чуулган дээр Ираны ерөнхийлөгчийн хэлсэн үгийг америкийн тал мэдээжээр сонирхон хүлээн авсан боловч түүнд бүрэн итгэхгүй, болгоомжтой хандаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираны ерөнхийлөгч хэлсэн үгээ бодитой үйл ажлаа батлах ёстой гэж шууд мэдэгдсэн нь юуны өмнө Ираны тал цөмийн бүх байгууламждаа Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдыг оруулж шалгалт хийлгэх ёстой, уран баяжуулахаа зогсоох хэрэгтэй гэсэн үг болох нь хэнд ч ойлгомжой юм. Ираны ерөнхийлөгч тус улсын эсрэг АНУ болон олон улсын хамтын нийгэмлээс авсан хориг арга хэмжээний дарамтаас болж ийм мэдэгдэл хийлээ гэсэн хардлага ч байна. Ялангуяа Израиль улс Ираны ерөнхийлөгчийн мэдэгдэлд ихэд сандарч, ерөнхий сайд Нетанъяху АНУ-ын Ираны тал хориг арга хэмжээг цуцлуулах юмуу зөөллүүлэх гэсэндээ ийм мэдэгдэл хийлээ, түүний үгэнд итгэхгүй байгаач АНУ-ын ерөнхийлөгчөөс хүсчээ. Ираны ерөнхийлөгчийг үг хэлэрээх Ерөнхий Ассамблейн индэр өөд явахад Израилийн төлөөлөгчид чуулганы хаяж гарч явсан байна. Ерөнхий сайд Нетанъяху чуулган дээр үг хэлэхдээ Ираны түрүүчийн ерөнхийлөгч “чонын арьс нөмөрсөн чоно” байсан бол одоогийн ерөнхийлөгч бол “чонын арьс нөмөрсөн хонь” мөн гээд Иран “Израилийг газрын хөрснөөс арчихийг хүсч байгаа, Израиль Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй, Израиль гацаардаж үлдлээ ч гэсэн Ираны эсрэг ганцаараа тэмцэх болно” гэжээ. Барак Обама саяханы нэг мэдэгдэлдээ “АНУ Сирид цэргийн хүчээр цохилт өгөхөөс татгалзсан явдлыг цөмийн хөтөлбөрийнх нь хариуд мөн тийм цохилт өгөхөөс татгалзана гэсэн хэрэг хэмээн Иран дүгнэх ёсгүй. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал бол бидний хувьд Сирид химийн зэвсэг хэрэгдэсэн асуудлаас хавьгүй чухал зүйл. Ираны цөмийн зэвсгийн Израильд учруулж болох аюул Америкийн эрх ашгийг хавьгүй их хөндөж байна” гэжээ. Чухам эндээс Ираныг цөмийн зэвсэг хийж байна хэмээн хардаж байгаагийн цаад учир цухалзаж байна. Иран бол Ойрхи Дорнодоо эдийн засаг, батлан хамгаалах хүч чадлын хувьд хүчирхэг улс, энэ бүс нутагт улс төр, эдийн засгийн тэргүүлэх нөлөөтэй байхыг эрхмэлж буй орон. Израиль бол энэ бүс нутагт АНУ-ын эрх ашгийг төлөөлөгч улс. Тусгаар бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын хувиар цаашид оршин тогтноход Иран хамгийн их аюул учруулж болно гэж үздэг. АНУ-ын хувьд Ираны нефть, хийн баялаг нөөц хэрэгтэй. Асуудлын гол нь Ираны цөмийн зэвсэгт биш, нефть, хийн баялагт байгаа хэрэг. 1979 онд Иранд Лалын хувсьгал ялж, Америкийн эсрэг үзэлт дэглэм засгийн эрхэнд гарч, улмаар 1980 оны дөрөвдүгээр сард хоёр орны дипломат харилцаа тасарсанаас хойш өөр хоорондын зөрчил улам хурцадсаар ирэв. Иймээс Америкийн талыг баримтлагч, АНУ-ын бизнест таатай орчин бүрдүүлэгч дэшлэмийг Иранд тогтоох шаардлага АНУ-д тулгараад удаж байна.Энэ зорилгод хүрэх нэг арга нь цөмийн зэвсэг хийж байна, манай холбоотон Израилийн аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн шалтгаар Иранд цэргийн хүчээр цохилт өгч одоогийн дэглэмийг солих явдал болохыг ерөнхийлөгч Обама шууд хэлж, “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал бидний хувьд Сирид химийн зэвсэг хэрэглэсэн асуудлаас хавьгүй чухал гээд, цөмийн хөтөлбөр боловсруулж байгаагийн хариу болгож Иранд цохилт өгөхөөс татгалзахгүй” гэдгээ Иранд сануулаад авав. Энэ бол АНУ-ын шалгарсан арга. Иракийг үй олноор хөнөөх зэвсэг хийгээгүй байхад нь хийж байна гэж зүтгэсээр цохилт өгч, дэглэмийг нь сольсон, тэгээд хожим Иракт цэргийн хүчээр халдан довтлох ямар ч учир шалтгаан байгаагүй нь нотлогдоход “манай тагнуулын мэдээ буруу байсан” гэж ерөнхийлөгч нь бухсан билээ. Ээ дээ энэ том гүрнүүдийн далд явууллага горьгүй шүү. Өөсрдийн геополтикийн эрх ашгийг улс төр, эдийн засаг, цэрэг дайны, ер нь хамгийн башир аргаар гүйцэлдүүлж ирсэн түүхтэй, тэр түүх одоо ч үргэлжилж байна.
Ц.Даваажав.