logo
1000 гаруй санал, гомдлын ихэнх нь эмнэлгийн байгууллагын хүнд суртлын талаар байв

1000 гаруй санал, гомдлын ихэнх нь эмнэлгийн байгууллагын хүнд суртлын талаар байв

2013/10/05

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 3-нд нийт 1019 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ. Үүнээс 685 орчим нь буюу нийт саналын 67 хувь нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, улсын бүртгэл болоод нийслэл хоттой холбоотой асуудлаар ханджээ.

Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хот дахь эмнэлгийн байгууллагын үйлчилгээ муу, хүнд суртал гаргаж байгаа тухай гомдлыг иргэд олонтаа ирүүлжээ. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд MRI зураг авахуулахад дараалал байхгүй байхад л долоо хоногоос ир гэж эмч нар нь  буцаадаг. Үүнд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу Эмнэлгийн хүлээгдэл, чирэгдлийг бүртгэх тушаал гарсан. Түүний дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Иргэдэд үйлчлэх цагийн зохицуулалтыг цахим хэлбэрээр дугаар авах үйлчилгээг эмнэлгүүд хэрэгжүүлж байгаа гэж хариулжээ. Мөн тус эмнэлгийн эмч, ажилчид ажил хаяснаар өвчтөнүүд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн гомдол иржээ. Мөн эмч нарт талархсан захидал олон байв.

Ховд аймгийн Мөст сумын цэцэрлэгийн барилга 2013 онд ашиглалтад орох ёстой байтал барилгын ажил хийгээгүйгээс хүүхдүүд хохирч байна, үүнд арга хэмжээ авахыг эцэг эхийн төлөөлөл Боловсрол шинжлэх ухааны яаманд хандсан байна. Тус яамнаас тухайн барилгын компанид санхүүжилтийг нь баталгаажуулан олгосон бөгөөд гээд ажил саатах шалтгаан байхгүй гэдгийг хэлээд энэ долоо хоногт газар дээр нь очиж шалгана гэсэн хариуг өгчээ.

Нийслэл хоттой холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт нийт 464 иргэд санал хүсэлтээ ирүүлсний олонх нь орон сууцны халаалт, дулаан ирэхгүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж барилга барьдаг, барилгын ажлын аюулгүй байдал, хамгаалалт, мөн нийтийн тээврийн үйлчилгээ, маршрут, автобусны буудлыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар иргэд санал хүсэлт, шүүмжлэлээ илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш