УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар /2013.10.07/ хэлэлцсэн гол асуудлуудын нэг бол оюутны тэтгэлэг байлаа. Оюутнуудад сар бүр төрөөс 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Энэ тэтгэлэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна хэмээн хуульчилсан байдаг.
Өнгөрөгч есдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэнтэй холбогдуулан оюутны тэтгэлгийг 96 мянган төгрөгт хүргэх ёстой. Гэтэл ирэх оны төсвийн төсөлд оюутны тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахгүй байх, цаашид тэтгэлгийн хэмжээг Засгийн газар тогтоодог байхаар бүрхэг тусгасныг МАН-ын бүлэг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд оюутны тэтгэлгийг хуульд заасны дагуу нэмэгдүүлж олгох ёстой гэсэн байр суурийг бүлгийн гишүүд илэрхийллээ.