logo
“ДЦС-4” Улаанбаатар хотын дулааны 65 хувийг дангаараа хангаж байна

“ДЦС-4” Улаанбаатар хотын дулааны 65 хувийг дангаараа хангаж байна

2013/10/08
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар  өнгөрөгч амралтын өдрүүдэд ДЦС-4 компаний үйл ажиллагаатай танилцлаа.  Тус  станц 1983 онд байгуулагдсан бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэрийн нэг. “ДЦС-4” өнөөдрийн байдлаар 8 зуух, 6 турбен генератор буюу цахилгаан үүсгэгчтэй, 7 дахь генераторыг суурилуулахаар ажиллаж байна. Тус үйлдвэрийн харъяанд 3-20 км алслагдсан үнс хадгалах сан болон техникийн ус хангамжийн насос станц мөн ахуйн үйлчилгээний, инженерийн лаборатори туршилтын төв зэрэг 74,2 га талбай бүхий 74 барилга байгууламж багтдаг “ДЦС-4”-ийн яндангаас гарах утааны 98%-ыг шүүж, цэвэрлэдэг бөгөөд цагт 282тн нүүрс, 1100тн ус хэрэглэж, 245мВт цахилгаан, 298,4 Гкал дулаан үйлдвэрлэдэг юм байна. Мөн “ДЦС-4” ТӨХК цахилгаан, дулааны эрчим хүчийг хамгийн бага зардлаар үйлдвэрлэж, нийлүүлэх цаашилбал эрчим хүчний үйлдвэрүүдийн хувьсал, хөгжлийг тодорхойлогч байхыг эрмэлзэн ажиллаж байгаагаа хэлсэн юм. Улс орон хөгжихийн хэрээр цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж тул барилгын их засварын 9, урсгал засварын 27 ажил төлөвлөснөөс 75-85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өвлийн их ачааллын үед тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс  өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 7 бүлэг 18 ажил нэмж төлөвлөснөөс 88,8 хувийн биелэлттэй байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш