logo
Цементийн үнэ буурна

Цементийн үнэ буурна

2013/10/09

Нэг тонн нь 200 мянган төгрөгт хүрээд байсан цементийн үнэ буурах боломжтой болсон гэсэн таатай мэдээг БХБЯ-наас мэдээллээ.

Нэг тонн нь 135-145 мянган төгрөг байсан цемент өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн өсч 200 мянгад хүрсэн. Юанийн ханшийн өсөлт, тээвэрлэлт,  түүнчлэн хятадын компаниуд үнээ өсгөсөн зэрэгтэй холбоотой хэмээн импортлогч аж ахуйн нэгжүүд  тайлбарлаж байгаа билээ. Тиймээс БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн албаны хүмүүсийн хамтаар БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, холбогдох хүмүүстэй нь уулзаж цементийн нийлүүлэлтийг  нэмэгдүүлэх чиглэлээр харилцан тохиролцсон байна.

БХБЯ-наас гаргасан судалгаагаар БНХАУ-ын цементийн үйлдвэрүүд дөрөв хоногийн зогсолт хийсэн, юанийн үнэ нэмэгдсэн зэрэг нь өнгөрөгч хоногуудад цементийн үнэ нэмэгдэх шалтгаан болсон гэсэн дүгнэлт гарчээ. Мөн манай улсын  барилгын компаниуд ирэх онд баригдах барилгынхаа суурийг цутгахын тулд ихээхэн хэмжээний татан авалт хийснээр, хил дээр гацалт үүсч улмаар цементийн  хомсдолд хүргэжээ. Энэ зун БНХАУ-аас өдөрт дунджаар 60-80 вагон цемент оруулж ирж байжээ. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх аж. Тухайлбал, өчигдөр л гэхэд Эрээн хотоос 120 вагон цемент ирсэн байна. Нийлүүлэлт нэмэгдсэн учир цементийн үнэ тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэнэ хэмээн БХБЯ-ны холбогдох албаныхан үзэж байгаа юм.

Ч.Ариунболд

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш