Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В. Самойленког өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Шадар сайд Д.Тэрбишдагва ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт байгалийн гамшгийн улмаас их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт 50 мянган ам.долларыг буцалтгүй тусламж болгон үзүүлэхээр шийдвэрлэснийг Элчин сайд В.В.Самойленкод мэдэгдсэн юм.
Монгол Улс, ОХУ хоёр мөнхийн хөршүүд учраас бие биедээ хүнд хэцүү үед туслалцаа үзүүлж ирсэн олон жилийн түүхтэй. Өнөөгийн байдлаар үер усны гамшгийн улмаас бүс нутгийн том бага 150 хот суурин газрын 135 гаруй мянган хүн гамшигт нэрвэгдсэн гэсэн албан ёсны тоо гараад байгаа бөгөөд зөвхөн хөдөө аж ахуйн салбарт л гэхэд урьдчилсан тооцоогоор 6,6 тэрбум рублийн хохирол учраад байгаа аж.
Б.Туул