МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Үндсэн Хуулийн Цэцэд өгсөн талаар бид мэдээлж байсан. Үндэслэл нь УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй гэж тодорхой заасан байдаг, түүнчлэн УИХ-ын гишүүн хүн явцуу хүрээ, тодорхой бүлгийн бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой албан тушаалыг хашиж байгаа, цаашлаад ийнхүү бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг удирдаж буй хүн нийт улс орны иргэдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд эрхэмлэн баримталж, нэгэн үзүүрт сэтгэлээр төрийн түшээгийн ажлыг хийнэ гэдэгт эргэлзэж байна гэжээ. Гэвч Үндсэн Хуулийн Цэцээс шийдвэр гарч, МҮХАҮТанхим нь худалдаа үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага, мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт ажил хавсран гүйцэтгэх эрхтэй болохыг хуульчилсан зэрэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан хариу өгчээ. Хамгийн хачирхалтай нь саяхан яг энэ үндэслэлээр УИХ-ын гишүүн, Үйлдвэрчний Эвлэлийн Ерөнхийлөгч С.Ганбаатар ажлаа өгч байсныг бүгд санаж байгаа байх. Эндээс яагаад С.Ганбаатар гишүүн хуулиараа давхар ажил хийж болдоггүй, харин С.Дэмбэрэл гишүүн бизнесийнхний төлөөлөл болоод МҮХАҮТанхимын даргаа хавсарч хийгээд явж болно гэж үзэж байгаа юм бэ? гэж Үндсэн хуулийн цэцээс тодруулж, асуух хүн олон байгаа нь дамжиггүй.