Өнгөрсөн Пүрэв гарагт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барив.
Нэгдсэн төсвийн нийт орлого 2013 оны эцэст 1,522.0 тэрбум төгрөгөөр тасарч хууль хэрэгжихгүй байх урьдчилсан тооцоо гарсан байна. Төсвийн тухай хуулийн 34.1.2-т заасан нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас хэтэрсэн байх тул Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болжээ. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 5 зүйлтэй байх юм.