logo
А.Мөнхбат: Мөнгөөр биш мөнчгөрөөрөө, танилаар биш тархиараа хөгждөг болцгооё

А.Мөнхбат: Мөнгөөр биш мөнчгөрөөрөө, танилаар биш тархиараа хөгждөг болцгооё

2013/10/11
“Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатыг урьж ярилцлаа.   

-Монголын залуучуудын хол­боо нь Монгол Ул­сын анх­ны төрийн бус байгуул­ла­га. Энэ их том байгуулла­гыг удир­­дан чиг­лүүлэх хугацаан­даа ямар ажил амжуулж бай­на вэ?
-Монголын залуучуудын хол­боо нь Монголдоо төдийгүй Ази­даа хамгийн ууган залуучуудын байгууллага гэж явдаг. Азийн залуучуудын зөвлөл дээр манай байгууллагын байр суурь нэлээд нэр хүндтэй байдаг. Тиймээс ирэх онд Азийн залуучуудын чуул­ганыг Улаанбаатар хотод зо­хион байгуулах эрхийг авсан бай­гаа. 

Түүнчлэн Монголын за­луу­­чуудын холбоо нь нийслэл, 21 аймаг болон сумдад салбар­тай. Тодруулбал, дороо хөлтэй залуучуудын цорын ганц бай­гууллага. Ганцхан хэмээн он­цолсон нь улс төрийн үйл ажил­лагаа явуулдаггүй. Олон мянган за­луучуудыг хамарч чаддаг гэдэг утгаараа юм. 

Түүнч­­лэн сүүлийн жилүүдэд үйл ажил­­лагаа суларснаас болоод на­мын дэргэдэх залуучуудын бай­­гууллагууд болон бусад энэ чиг­лэлийн байгууллага нэлээд идэвх­жсэн. Үүнийг би хувьдаа бу­руу зүйл гэж үздэггүй. Тэд­гээр байгууллагатайгаа хамт­раад залуусын өмнө тул­гам­даад бай­гаа асуудлыг шийд­вэр­лэ­хийн тулд гар нийлж ажилла­даг. 

-Энэ байгууллагын ажил ураг­­шаа ахихгүй байгаа юм уу даа. Тухайлбал, Их хурлаа хий­гээгүй яваад байдаг?
-Манай холбооны хуучин ерөн­хийлөгч яаралтай хүнд ха­гал­гаанд орох болсон. Ерөн­хий зөвлөлийн шийдвэр га­раад, үүрэг гүйцэтгэгчээр на­майг томилоод ажиллуулж бай­на. Жил гаруй хугацаанд  Их ху­рал­д бэлтгэх ажлыг зо­хион бай­гуулж байна. 

Иймээс дээд зэргээр бэлтгэх, сайтар зо­хион байгуулах үүрэгтэй юм. Түүнч­лэн Их хурал гэж юу байдаг, залуу хүмүүс хэрхэн оролцох ёс­той юм бэ, анхан шатны нэг­жүүд яаж оролцох вэ гэх зэр­гээр бүх зүйлийг ахисан төв­шинд зохион байгуулах гэж бай­гаа. Түүнээс биш Их хурал гэж зарлаад, заал дүүрэн хүн цуг­луулаад, хэн нэгнийг сонгох бол тийм ч ач холбогдолтой асуу­дал биш шүү дээ. 

Хамгийн чу­хал нь Монголын унтчихсан бай­гаа залуучуудыг сэрээж байж Их хурлаа хийх нь өөрөө түү­хэн ач холбогдолтой хэмээн үзэж бай­гаа. 

-Их хурлаа үр бүтээлтэй хий­­хийн тулд унтаа залуусаа хэр­­хэн сэрээх вэ. Мэдээж ямар нэ­гэн сигналыг сайн өгч сэ­­рээх байх?
-Унтаа байгаа залуусаа сэрээ­хийн тулд нийслэл болоод хө­дөө, орон нутгаар тойрон явж байна. Одоогоор цөөхөн хэ­дэн аймаг үлдсэн. Тэр аймгуудаар удахгүй очино. Түүнч­лэн тусгай хол­боод гэж байдаг. Тэдгээр тус­гай хол­боо­дынхоо хурлыг хийчи­хээд албан ёсоор Их хурлын то­выг зарлана. Тиймээс хэзээ ан­хан шатны холбоодын хурал хийг­дэж дуусна, түүний дараа Их хур­лынхаа товыг зарлана гэсэн үг. 

-Танай байгууллагаас явуулж байгаа арга хэмжээ, үйл ажил­лагаа залуучуудад тө­дий­лөн хүр­дэггүй. Өөрөөр хэл­бэл, том нэртэй атлаа дар­жин үйл­чил­гээтэй гэсэн шүүмжлэ­лийг за­луучууд хэлдэг. Үүнтэй ч та са­нал нийлэх байх?
-Үнэн. Хуучин ийм байсан. Хөдөө, орон нутгаар явж байхад бүхэл бүтэн амьдралын минь хамаг сайхан залуу үеийг та бүхэн юу ч хийлгүй өнгөрөөчихлөө гэсэн зэмлэлийг их сонссон. Ин­гэж хэлэх хүн ч их олон таарсан. Үүнийг бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тухайн үед байсан удирд­лага, гүйцэтгэх хороо ажлаа сайн хийж чадаагүй байж болно. 

Харин одоо  шинэхэн баг бүрэлдэхүүний хувьд бид цаашид ямар байлгах юм бэ гэдэг асуудлаа ярьж байна. Түүнээс үе үеэрээ орхигдоод, золиослогдоод, дуу хоолойгоо хүр­гэж чадахгүй яваад байж бо­лох­гүй. Тиймээс цаашид хэрхэх вэ гэдгээ бүх анхан шатны бай­гуул­ла­гаараа ярьж, хэлэлцэж байгаа. 

Мөн төрийн зүгээс залуучуудын төлөө ямар арга хэмжээ авах юм, залуучуудын байгууллага ямар байх ёстой юм бэ гэдэг дээр за­­луу­чуудынхаа санаа бодлыг сон­соод, хэлэлцээд явж байна. Ямар ч байгууллагад өөрийн түү­хэнд уналт, сэргэлтийн үе бай­даг. Тэгэхээр энэ зовлонг ч бас тойрохгүйгээр өнгөрч ча­даа­гүй гэ­сэн үг. 

Залуучуудын байгуул­лага сэргэнэ. Хуучин дарга нь та­таж сэрээдэг байсан бол харин одоо залуучууд өөрсдөө оролцож, нойр­ноос сэрцгээнэ. Улмаар улс орны хөгжилд хувь нэмрээ оруу­лах хүртлээ залуучууд нойр­ноо­соо сэрнэ. 

-Монгол Улс өөрөө залуучуу­дын орон. Тэгсэн хэрнээ за­луусдаа чиглэсэн хөгжлийн бод­­логогүй. Энэ байдлаасаа бо­­лоод залуучуудын нийгмийн идэвх, ажил, хөдөлмөр, гэр бүл тө­лөвлөлт нь ямар ч зохион бай­гуулалтгүй явж бай­­на гэж үздэг. Хөгжлийн бод­­логотой бо­лох асуудал хэр урагш­­тай бай­на вэ?
-Энэ оныг бид аваръя, оролцоё уриатайгаар бүх ажлаа зохион байгуулж байгаа. Тэгэхээр залуу хүн бүр бүх зүйлд заавал оролцдог байх ёстой. Хэрвээ оролцохгүй байгаад, оролцох боломжийг нь хаагаад байгаа бол энэ бүхний цаана авлига, хээл хахууль, арын хаалга, хүнд суртал байгаад байна гэсэн үг. 

Миний хувьд уулзаж байгаа хүмүүстэй мөнгөөр биш мөнчгөрөөрөө, танилаар биш тархиараа хөгждөг  боломжтой болмоор байна гэж хэлдэг. Энэ бүх боломжийг бий болгохын төлөө залуу хүн бүр оролцож, зүтгэх ёстой. Түүнээс хий шүүмжлээд эсвэл танил  талаа хайгаад гүйчихдэг байж болохгүй. Энэ бол хүн бүхэнд байдаг нийтлэг шинж. Харин одоо үүнээс салах цаг нь болсон. Түүнчлэн залуу хүн бүр шударга бус байгаа бүх зүйлд хамгийн их эгдүүцэж байгаа. 

Тиймээс энэ бүхнийг эсэргүүцэж чадах хүмүүс бол залуучууд шүү дээ. Үүний үндсэн дээр бид жилийн өмнөөс би авлига авахгүй, өгөхгүй гэдэг аяныг эхлүүлсэн. Улс орон даяар тоолуур ажиллуулаад явж байгаа. Тэдгээр залуучууд дээр авлигын ямар нэгэн хэлбэрт очоод гацаж байгаа. Тэгэхээр авлига авахгүй, өгөхгүй гэж хэлж чадаж байгаа залуучууд өнөөдөр Монголын хамгийн үнэ цэнэтэй капитал болчихсон байна шүү дээ. Бид Эрдэнэт үйлдвэрийн агуулахад байдаг хэрэглэгдэхгүй байгаа бараануудаар авлигын үзэсгэлэн гаргах гэж байна. 

Олон нийтэд үзүүлснээр авлига бидэнд ямар хор уршигтай юм бэ гэдгийг харуулъя гэж байгаа. Түүнчлэн тэдгээр бараануудыг зарж, борлуулаад Эрдэнэт үйлдвэрт ажилладаг орон байргүй залуучуудыг гэр оронтой болгох хөтөлбөр хэрэгжүүлье гэдэг саналаа удирдлагуудад нь хүр­гүүлчихсэн. Харамсалтай нь одоо хүртэл бидэнд хариу өгөөгүй. Мөн ямар ч хүн өөрчлөгдөж чадна. Төрийн үйлчилгээнд ав­лига авах боломжийг бүрдүүлдэг албан тушаал байгаа. 

Үүнийг арилгах хэрэгтэй биз дээ. Тэр  утгаар авлигын эсрэг нэгдэх сайтыг ажиллуулж эхэлсэн. Түүнчлэн ямар ажил үйлчилгээ болон ямар албан тушаалд авлига үүсээд байгаа юм бэ гэдгийг нээлттэй болгохоор чиглэж байна. Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого гэдэг зүйл огт гарч байгаагүй. Энэ жил Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам нийгмийн бүх бүлгүүдийн  хөгжлийн асуудлыг хариуцаж байгаа. Харин энд залуучуудын асуудал байгаа. 

Засгийн газ­рын төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд залуучуудын хөгжлийн хэлтэс байгуулагдсан. Энэ бол нэг талаараа ахиц гэж бид харж байгаа. Тиймээс хөгжлийн хэлтэс болон яамны зүгээс бүлгүүдийн хөгжлийн бодлогыг боловсруулаад явж байна. Энэ асуудал дээр манай холбооны зүгээс идэвхтэй хамтарч ажилладаг. 

Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хүний хөгжлийн илтгэл дэх залуучуудын хэсгийг бид хамтран боловсруулж байна. Мөн төрөөс залуучуудын хөгжлийн талаарх баримт ямар байгаасай гэж хүсч байна вэ гэсэн жагсаалтад залуусын үзэл бодлыг цуглуулаад явж байна. Удахгүй энэ бүх бодлого зангилагдах байх. 

-Монголын нийгэмд хэн ядуу, ажилгүй, архичин бай­на гэдгийг та харж байгаа байх. Энэ муу муухай бүхний ман­лай­лалд нөгөөх л залуучууд чинь байна. Үүн­ийг хараад таньд ямар нэгэн эмзэглэл төр­дөг биз?
-Бид энэ асуудал дээр зүгээр эмзэглээд суугаагүй. Харин бид үүний эсрэг ажиллаад явж байна. Манай байгууллагын зүгээс хоёр томоохон аянг улс орон даяар эхлүүлсэн. Түүний нэг нь дээр хэлсэн авлигын эсрэг аян байсан. Харин дараагийнх нь спирт үү, спорт уу гэдэг аян юм. Тиймээс энэ хоёр үгний голын хоёр эгшгийг солъё гэж шийдсэн. 

Тэгэхээр “Спиртлэг бус спортлог амьдарцгаая” гэсэн уриаг дэвшүүлээд явж байгаа. Мөн “Эрүүл идэвхтэй амьдар” клуб­ынхантай нэгдээд хөдөө, орон нутгийн сумдад байгаа залуучуудаа архинаас гаргах аян хэрэгжүүлээд явж байна. Түүнчлэн архи, тамхины онцгой албан татварын нэг хувиас бүрдсэн сан Эрүүл мэндийн яамны дэргэд ажилладаг. Архинаас гаргах энэхүү аянд маш олон залуус хамрагдаж байгаа. 

Тэнд залуус тав хоног нэг курс хичээлд хамрагдаад гарч байгаа төгсөлтийн баярт аль болох би очихыг хичээдэг. Очоод харахаар тэнд хамрагдсан залуучуудын тархи нь бүрэн порматлагдсан байдаг. Дараа нь цоо шинээр үйлдлийн систем тэр залуучуудад суулгаж өгч байгаа. Тэр залуучууд хэдхэн хоног болоход өөрийн эрхгүй өөрөө архинаас гарчихлаа гэдэг. Монгол байдаг бүхий л архины эмчилгээ, лам, бөөгөөр яваад арга ядсан хүн хүртэл очдог. 

Тэгэхэд тэнд очоод архинаас гарч чадаж байна. Тиймээс бид энэ намрын чуулганаар төсөв хэлэлцэж байгаа энэ үеэр бүх сумдад амьдарч буй залуучуудаа архинаас гаргая гэдэг хөтөлбөрийг өргөн барих гэж байгаа. Энэхүү хөтөлбөрт архинаас гарсан залуучууд маань бас оролцсон. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэний дараагаар суманд хэн нэгэн залуу архинд орлоо гэхэд түүний араас хөөцөлддөг хүнтэй болно. Согтууруулах ундаа хэрэглэж байгаа бүх залуусыг архинаас гаргана. 

Түүнчлэн архинаас гарсан хүнд нэн тэргүүнд шаардлагатай байдаг зүйл нь ажил байдаг. Нэгэнт архинаас гарсан хүмүүс амьдрах урам зориг өгөх ёстой. Энэ утгаар өнгөрөгч долоон сард залуучуудын хөдөлмөрийн төв биржийг ажилд оруулсан. Одоогоор нийтдээ 5000 гаруй залууг байнгын болон түр ажлын байранд зуучилсан байна. Хөдөлмөрийн биржээ манай холбооны салбар байгаа бүх газарт хүргэж ажиллуулна. Ингэхдээ огт ажил хийж үзэж байгаагүй залуусыг ажилтай болгоход чиглэнэ. Түүнчлэн огт хамт олонтой байж үзээгүй залуучуудыг хамт олонжуулах ажлыг хэрэгжүүлнэ. 

Мөн нэг нэгээр нь ажилд зуучлах ер нь дүнгүй юм гэдгийг туршиж үзсэн. Тиймээс нутаг орноор нь, анги хамт олноор, айл саахалтаар нь, гудамжаар нь нэгтгээд бригадын системд оруулж байгаа. Энэ онд 28 бригадыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулж туршиж үзсэн. Үнэхээр сайн байсан. Тэдгээр залуусаас одоо хэр нь ажлаа хаяад ирсэн нэг ч залуу байхгүй. 

Мөн ажил­лах чиглэлээр нь  мэр­гэшүүлэх ажлыг эхлүүлж байгаа. Хөдөө, орон нутгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдтэй хамтарч ажиллах ажлыг эхлүүлнэ. Дээр нь цэргийн ангид албаа хааж байгаа цэргүүдийг  хугацааг нь дуусах үеэр бүтээн байгуулалтын ажилд тасаг, салаагаар нь оруулах ажлыг бэлдэж эхэлж байна. 

-Монголын залуучуудын хол­­бооны ерөнхийлөгчийн сон­гуулийг нээлттэй болгоё гэж ярьдаг. Түүнчлэн томилгоонд нь улс төрийн намуудын оролцоо байдаг гэсэн хардлага их гардаг. Таныг томилогдоход хүртэл тийм сайнаар хүлээж аваагүй?
-Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ц.Зоригтбаатар нараар харж болно. Гэхдээ Ц.Зоригтбаатар нам бус хүн шүү дээ. Тухайн нөхцөл байдлын үед намын оролцоо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн хүн нь ямар намын гишүүн бэ гэхээс илүүтэй үйл ажиллагааны чиглэл нь юу юм бэ. Тэр хүн улс төржиж байна уу үгүй юу гэдгийг нэгдүгээрт сайтар харах хэрэгтэй. 

Түүнчлэн энэ байгууллага өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрмийнхээ дагуу хуралдаад сонгогдож байгаа. Намайг томилогдоход МАН төрийн эрхийг барьж байсан. Энэ нам яагаад өөрийн гэсэн хүнээ тавьж болоогүй юм бэ. Намын оролцоо тийм их байдаг юм бол би биш МАН-ын нэг гишүүн томилогдох байсан гэсэн үг шүү дээ. Тиймээс бүх зүйл дүрмээрээ явагдаж байгааг эндээс харж болно. 

Мөн  дүрмийн шинэчлэлтийг давхар хийхээр хэлэлцүүлэг хүртэл өрнүүлээд явж байна. Тиймээс тунд удахгүй нэлээд нээлттэй, иргэний нийгмийн байгууллагуудад  үлгэр дууриал болж, шинэ жишиг үүсгэхүйц сайн зохицуулалтай дүрэмтэй байгууллага болгоно. Үүнд итгэлтэй байгаа.  

-Танай байгууллага төрөөс санхүүждэггүй. Тиймээс сан­хүү­жилт­ийг хэрхэн бүрдүүл­дэг юм бэ?
-Санхүүжилтийг хандиваар бүрдүүлдэг. Ямар нэгэн төсөл, арга хэмжээг зохион байгуулахын өмнө ивээн тэтгэгч нарт хандаж хандив хүсдэг. Түүнээс намаас юм уу эсвэл төрөөс санхүүждэггүй. Түүнчлэн зөв ажлын төлөө бол мөнгө үргэлж босдог. Ийм л зарчмаар ажилладаг. 

-Олон нийтийн зүгээс энэ байгууллагыг мөнгө угаах боломжтой, улс төрийн карьер хөөхөд дэндүү ойрхон гэсэн өнцгөөс хараад байдаг. Тийм боломж бололцоо байдаг юм уу, энд?
-Нэг ч гэсэн залуу ингэж чадаж байвал би хувьдаа баяр­лана. Мөн энэ байгууллага зөв­­хөн залуучуудын төлөө л ажил­лах хэрэгтэй. Түүнээс энэ байгууллагаас мөнгө угаах боломж, бололцоо байхгүй. Бизнес­ийн үйл ажиллагаа яв­уул­­­даггүй ашгийн төлөө бус байгууллага. Тэгэхээр энэ хар­далт нь худлаа юм. 

Харин энэ бай­гууллагаар дамжаад Монголын үе үеийн сайхан залуучууд төрж гар­сан. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ. Удахгүй үндэсний залуучуудын зөвлөл бий болно. 330 гаруй төлөөлөгчтэй байна. Тэд Монгол Улсын залуучуудын нүүр царай болно. Энэ залуучууд яг ямар байх вэ гэдгээс хамаараад цаашид хэрхэх нь шийдэгдэнэ. 

Дараагийн Монгол Улсыг авч явах тийм залуус төрнө. Тиймээс энэ 330 залууд та нар бол Монголын ирээдүйг авч ёстой гэдгийг хэлнэ. Би ч үүнд оролцох ёстой. Өөрийгөө байх ёстой гэж үзсэн амбийцтай залуус байвал энд багтаасай гэж бодож байгаа. Харин энэ 330 залуу нь баян, ядуу, шашин шүтлэг, үндэс угсаа нь хамаагүй. Гагцхүү Монгол Улсын иргэн байх ёстой гэдэг шалгуур тавьж байгаа. 

-Өөрийн гэсэн санхүүжилтгүй байгууллагын дарга 9911 дугаар барьж, үнэтэй машин хөлөглөөд л?
-Энэ байгууллагад ирээд би жил гаруй болж байна. Энд ирээд шууд ийм болчихсон юм байхгүй шүү дээ. Би бүх зүйлээрээ нийгэмд ил тод байдаг хүн гэж боддог. Тиймээс Монголын шинэ лидерүүд ингэж байхаас өөр аргагүй. 

Юм бүхэн хаалттай байгаад ирэхээр авлига бий болдог. Тэгэхээр шинэ үеийн залуучууд бүх талаараа нээлттэй байх ёстой. Нийгэм нь ч үүнийг шаардаж байна. Цахим ертөнцөд улсынх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хүртэл үзэл бодлоо илэрхийлээд нээлттэй л байна шүү дээ. Тиймээс бид илэн далангүй байж байж энэ олон залуусын эрх ашгийн ажиллаж чадна. 

-Та аль намын гишүүн бэ?
-Би аль ч намын гишүүн биш ээ. Гишүүн бус хүн шүү дээ.

Б.Пүрэвжав
Эх сурвалж: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш