Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Ерөнхий сайдын төсвийн багцын 50 тэрбум төгрөгөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод хөрөнгө гаргасан. Хөрөнгөөр явган хүний, цана, гүйлт, дугуйн зам болон иж бүрэн спортын талбайг барьж байна.
Нийтдээ 2.6 км урттай 8 метрийн өргөнтэй замын бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг тус хүрээлэнгийн удирдлагууд хэлж байна. Үүний 4 метр нь тэмдэг тэмдэглэгээ бүхий дугуйн, 2 метр нь резинэн хучилттай гүйлтийн, үлдсэн нь зундаа зүлэгжүүлсэн явган хүний зам, өвөлдөө цанын зам болох юм. Эдгээр замаас гадна хөл бөмбөг, сагсан бөмбөг, софт теннисний талбай бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Засгийн газрын гишүүд өнгөрсөн 5 дугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэсэн төгөл тарьсан. Энэ үеэр сайд нар тарьсан модоо усаллаа. Хавар 32 аж ахуйн нэгж, байгууллага 2000 орчим модыг тус хүрээлэнд тарьнаас 95 хувийн ургацтай байна. “Тарих бол нэг асуудал. Тарьсан модоо арчилж, усалж байх нь чухал” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.