logo
Санамж бичигт гарын үсэг зурлаа

Санамж бичигт гарын үсэг зурлаа

2013/10/29

Нийслэлийн 374 жилийн ойн өдрийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг даргын орлогч Нюү Жэньшэн албаны хүмүүсийн хамт Сүхбаатар дүүрэгт зочиллоо. Тэд Сүхбаатар дүүргийн төдийгүй нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцах, хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах зорилгоор иржээ. Зочдыг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан удирдлагуудын хамт хүлээн авч уулзан цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт хоёр тал боловсрол соёлын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийг холбох, урлагийн олон чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж, үндэсний соёлыг хөгжүүлэх талаар дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн чиглэлээр тухайлбал жилд нэг удаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн ажилтнуудын харилцан туршлага судлах зэрэг нэн чухал ач холбогдолтой асуудлуудыг тусгалаа. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын тусгай маршруут бий болгож хөгжүүлэх, олон улсын хэмжээний хурал, үзэсгэлэн, спортын наадмуудад харилцан бие биенээ урьж оролцуулахаар боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш