logo
Осака хотод

Осака хотод "Намрын баяр” арга хэмжээ боллоо

2013/10/29
Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газраас “Намрын баяр” буюу “Монголын нэг өдөр” арга хэмжээг  10 дугаар сарын 26-нд Осакагийн Үндэсний угсаатан зүйн музей /Минпакү/-д зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Кансайн бүс нутагт анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд Үндэсний Угсаатны зүйн музейн дэмжлэг уг арга хэмжээг зохион байгуулахад ихээхэн нэмэр нөөлөг болсон юм.  

Кансайн бүс нутагт Монголын талаар мэдээлэл өгөх, сурталчлах, улмаар хоёр орны иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлж өргөжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Японы ГХЯ-ны Кансай бүс дэх салбар, Осака муж, Осака хотын захиргаа, Кансайн дипломат корпусын төлөөлөгчид болон тус бүс нутагт амьдран сууж буй монголчууд, Монголыг дэмжиж хамтран ажилладаг японы байгууллага, хувь хүмүүс зэрэг нийтдээ 1000 гаруй хүн оролцсон өргөн дэлгэр арга хэмжээ боллоо.

Энэ үеэр МИАТ ХХК, Монгол Улсын Соёлын өргөмжит элч С.Норико, Тоёока хот дахь Монгол Үндэсний музей, “Казэ” аялал жуулчлалын байгууллга, Дархан хотын “Наран” хүүхдийн асрамжийг төвийг дэмжигч Бэрүна зэрэг Монголтой хамтран ажилладаг байгууллага, иргэд сурталчилгааны цэгээ нээн ажиллуулж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд уртын дуу, хөөмий болон морин хуур сонирхогч япончууд ая дуугаа эгшиглүүлэн, өсвөр насны охид япон үндэсний бөмбөрийн тоглолтоо толилууллаа.

“Намрын баяр” арга хэмжээнд Монголоос “Киви” хамтлаг хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулсан нь Монголын орчин үеийн дуу хөгжмийг Японд сурталчлан танилцуулсан, оюутан залуусын хүсэн хүлээсэн онцлог үйл явдал боллоо.

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид үндэсний бөх, хөөмийн тэмцээн, шагайн харваа, оньсон тоглоом зэргийг ихэд сонирхож, идэвхтэй оролцсон бөгөөд үндэсний дээл хувцасны үзүүлэн, монгол эсгий бүтэгдээхүүний танилцуулга хийсэн нь олны анхаарлыг ихээхэн татлаа.

Цаашид ЕКГ-аас “Намрын баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг зорьж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш