logo
Нийслэлийн цэргийн штабынхан номын нээлт хийлээ

Нийслэлийн цэргийн штабынхан номын нээлт хийлээ

2013/10/29

Нийслэлийн цэргийн штабын хамт олон үүсэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойг тохиолдуулан хэвлүүлсэн түүх, уран сайхан, нийтлэл дурсамжийн “Нийслэлийн цэргийн штабынхан” хэмээх номынхоо нээлтийг ахмад, залуу үеийн дайчин зочидтой, уртын дууны шуранхай, морин хуурын хөг аялгуу, маршийн цоглог хэмнэл, Цэргийн дуу бүжгийн чуулгынхантай нижгэр хийлээ.

Долоон бүлэг, 42 хэвлэлийн хуудас бүхий Монгол улсын цэргийн штабын 90 жилийн түүхийг багтаасан энэхүү даацтай бүтээлийг бэлтгэл хурандаа Г.Ганбат, Г.Ганзориг нар эмхэтгэн бүтээсэн бөгөөд ардын хувьсгалын партизан, ахмад дайчин, энэхүү байгууллагыг удирдаж явсан үе үеийн дарга нар, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч зэрэг цэргийн штабынхны түүхийг бичилцсэн 240 гаруй хүний намтар, 70 орчим хүний дурсамж, 400 гаруй гэрэл зургийг багтаажээ.

Уг номын редактор, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Байгууллагын түүх гэдэг бол хувь хүний түүх, хүний ажил амьдралын товчоон нь эргээд тухайн байгууллагын түүхийг бүтээдэг юм. Бид бахархан хүндлэх өөрсдийн түүхээ номын цагаан суварганд мөнхөлж чадлаа” хэмээсэн юм. Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир “Салбар салбарынхны сэргэн мандалтын үе өөр өөр байдаг.

Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний мандан бадралын эхэн үе нь яахын аргагүй 1911, 1921 онуудын хувьсгалын үйл явц юм. Эрийг тоон цэрэгт мордуулах алба гэж байхаас өнөөг хүртэл монгол цэргийн үйл хэрэг тасралтгүй хөгжсөөр байгаагийн нэг илэрхийлэл нь Цэргийн штабынхны 90 жилийн түүх билээ. Бид түүхэн ойгоо ой шугуй адил тоо хөөцөлдөж бус ой санамжийн агуулга бүхий ойлголтоор үр ашигтай тэмдэглэн өнгөрөөх нь чухал билээ. Улс орон, тэр дундаа батлан хамгаалах салбарын хувьд хийгдэж буй шинэчлэл бүхэн уламжлал, түүх дээрээ тулгуурлан хийгдэх учиртай” гээд цэргийн штабынханд баярын мэнд хүргэсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш