logo
Их зохиолч Д.Нацагдоржийг нийслэлийнхээ хойморьт заллаа

Их зохиолч Д.Нацагдоржийг нийслэлийнхээ хойморьт заллаа

2013/10/29

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны9-рсарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолын дагуу Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнд байрлууллаа. Хөшөөг шинэ байршилд нь  залах ёслолын ажиллагаанд нийслэлийн Удирдлагууд, Монголын утга, уран зохиолын салбарын төлөөлөл, ахмад уран бүтээлчид, иргэд оролцлоо. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан уг хөшөөг уран барималын шилдэг шийдлийг тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан юм.

Ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга “Өнөөдөр бид Монголын соёлыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг МУБИС, оюутан, багш нар, Оюутны хотхонтой ойртуулж, нийслэлийнхээ хойморьт залж байна. Түүний Монголын утга зохиолын салбар, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг Монголын ард түмэн үеийн үед дуурсах учиртай билээ. Нэрт яруу найрагч Р.Чойном “Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд” шүлгэндээ уг хөшөөний тухай харууслын сэтгэгдлээ шингээсэн байдаг. Өнөөдөр Их зохиолчийн хөшөө түүний хүсэж байсан шиг Нийслэлийнхээ хойморьт өнгө зүсээ сайжруулан, заларч байгааг нэрт яруу найрагч маань тэнгэрээс хараад нийслэлчүүд бидэнд талархаж байгаа болов уу гэж бодож байна.

Энэ ажлыг хариуцан хийсэн Н.Нацагдорж даргатай нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хамт олонд та бүхнийхээ өмнөөс талархал илэрхийлье.Харин Их зохиолчийн хөшөө байсан хуучин талбайг уран бүтээлчдийн талбай болгон тохижуулах гэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна” гэлээ. Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийг төлөөлж МУСГЗ, яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар “Өнөөдөр Монголын яруу найрагчдад маш сайхан үйл явдал тохиож байна. Бидний хайртай Их зохиолч Д.Нацагдоржийн маань хөшөө нийслэлийн хойморьт заларч байгаад туйлаас их талархаж байна. Анх хөшөөг хуучин сууринаас нь шилжүүлэхэд олон эргэлзээ төрж байснаа нуугаад яахав. Гэтэл өнөөдөр ийнхүү зүй ёсны газраа байршиж байгаад нийт уран бүтээлдчийнхээ өмнөөс нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье” гэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш