Есдүгээр сарын 9-ний өдөр ээж нь охиндоо “Таван вакцин” гэх вакциныг өрхийн эмнэлэгтээ очин хийлгэж. Тэр өдрөөс нэг хоногийн дараа ээж нь охиноо тэргэн дээр суулгачихаад хоол хийж байтал нүднийх нь буланд охин нь нэг л эвгүй хөдөлгөөн хийж харагдсан гэнэ. Гайхаад лавлаж хартал дөрвөн мөчөө өргөөд, хоёр нүд нь эгц дээшээ болчихсон, урагшаа босох гэж байгаа юм шиг болоод, тэгснээ болиод байжээ. Тав зургаан минут болоод ийм байдал нь давтагдаад байсан гэнэ.
Бас унтаж чадахгүй, унтангуутаа сэрээд, уйлагнаад байжээ. Сайтар ажигласны эцэст таталт өгөөд байна гэж ойлгон маргааш өдрийнх нь өглөө Эх нялхсын эмнэлэгт зовиурыг нь хэлж хандтал яаралтай мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөжээ. Тус эмнэлэгийн нярайн мэдрэлийн эмч Мөнхтуяа үзээд “Вакцин хийлгэснээс болсон дохилтын таталт байна” гээд гурван эм бичиж өгснийг тэр өдөр нь уулгасан ч зүгээр болсонгүй, таталт өгөх нь зогссонгүй. Маргааш нь “Альфа долгион” гээд манайдаа ганц байдаг хүүхдийн мэдрэлээр мэргэшсэн гэх эмнэлгийн эмч Баярмааг зорьж очин үзүүлэхэд бяцхан охиныг “West syndrome” гэдэг өвчинтэй гэж оношилж. Эрүүл саруул торнин дөрвөн сар хүрч, хамгийн сүүлийн вакциныг хийлгэх хүртлээ хацар нь байдгаараа бумбайж, ах эгч, аав, ээжийнхээ өвөр хэсэн дэрвэж, гар утас авах гэж тэмүүлэн хоёр бумбагар гараа сарвалзуулж байсан охиноо гэнэт тархины хүнд хэлбэрийн өвчин туссаныг ээж нь ойлгоогүй байна.
“West syndrome” гэдэг нь монголчилбол тархины архаг хүчил төрөгчийн дутмагшил гэсэн үг аж. Ийм онош сонсоод итгээгүй ээж аав нь Монголдоо гайгүй гэсэн бүх эмнэлэг, эмч домчоор яваад “West syndrome” гэсэн нь батлагджээ. Бяцхан охинд өвчин авчирсан вакцин хийлгэснээс хойш яг өнөөдөртэй нийлээд 40 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд охин байнга татаж, бяцхан биедээ баймгүй хүчээр өвчинтэйгээ тэмцэлдэж байгаа юм. Эхэн үедээ таталт өгөхөд тэгсхийгээд уйлахаа больж, шүдгүй амаа ангайлган инээдэг байсан бол сүүлрүүгээ таталт өгөх бүртээ уйлж, өвчиндөө шаналсандаа заримдаа уйлж ч чадахгүй дэмий л янцагалан, яргалах болжээ.Ээж нь одоо битгий унтаасай гэж ч залбирдаг болсон гэнэ. Унтаад сэрэхээрээ маш удаанаар таталт өгдөг болохоор тэр. Таталт өгөх болгондоо уйлж зовиурлах үрээ хараад суух тэвчээр ямар ч ээжид байна гэж үү. “Хар ангал нөмрөөд авч байгаа юм шиг л болдог” гэж ээж нь хэлсэн. Энэ өвчин яагаад тусдаг вэ гэдгийг ээж аав нь хугацаа алдалгүй явж судалжээ.Хэдийгээр өвчний талаарх мэдээлэл бүрхэг, эмчлэх эмч ч, эм ч байхгүй ч үрийнхээ төлөө тэдэнд шантрах эрх байгаагүй учир мухардатлаа явжээ.
Тэгээд энэ өвчин эцэг, эхийнх нь аль нэг нь унаж татдаг өвчтэй буюу удамшлаас, эсвэл хүүхэд эхийн гэдсэнд байхдаа хүчилтөрөгчийн дутагдалд орсон, бүтэлттэй төрснөөс болдгийг мэджээ. Бас вакцины сөрөг нөлөөнөөс болдог гэдгийг мэдэж авч. Өөрөөр хэлбэл вакцины сөрөг нөлөө нярай хүүхдийн тархийг гэмтээснээс болж үүсдэг өвчин гэнэ. Эхний хоёр шалтгаанаар өвчилсөн байх магадлал огтоос байхгүй учир вакцинаас болсон гэдэгтэй ээж нь бүрэн санал нийлсэн. Вакцины сөрөг нөлөө нярай хүүхдийн тархийг гэмтээснээс болж “West syndrome” гэх энэ өвчин нярай хүүхдэд тусдаг, нярайд тохиолддог хамгийн хүнд хэлбэрийн тархины өвчин гэж мэргэжлийн эмч нар ч хэлж, вакцины сөрөг нөлөөнөөс охин нь ийм болсон гэсэн байна. Гэхдээ бяцхан охиныг угаасаа, ээжээсээ төрөхдөө “West syndrome” өвчтэй байсан бөгөөд вакцин хийлгэснээс болж тэр нь сэдэрсэн гэх тайлбар хийжээ.
Нэгэнт ийм өвчтэй болчихсон бол тэд охиноо эдгээх арга замыг гадаад, дотоодгүй хайхад цаг хугацаа алдахгүй, эм нь тохирч эмчилбэл эдгэрэх боломж өндөр гэдгийг мэдсэн бөгөөд харамсалтай нь Монголд эмчлэгдэхгүй, өвчинд тохирсон эм ч байхгүй хэцүү байдалтай нүүр тулжээ. Монгол эмч нараар жор бичүүлж авлаа гэхэд өндөр хөгжилтэй орнууд тэр эмийг зөвхөн өөрсдийнхөө эмчийн жороор олгодог учир хувь хүнээр захиулж авчрах ч боломжгүй юм. Энэ талаар охины ээж “Манайд угаасаа төв мэдрэлийн системийг дарангуйлдаг эм огт оруулж ирдэггүй. Тархинд нөлөөлдөг болохоор тухайн улсад нь очиж үзүүлээд эмчээр нь жор бичүүлж, тэндээс нь авдаг. Мэдрэлийн эмч нар хүртэл ингэж хэлж байна” хэмээн хүндээр санаа алдаж, нулимс дуслуулж суулаа.
Тэд ах дүүсээрээ туслуулан Японы эмнэлэгтэй холбоо тогтоож, оношоо явуулахад “Яаралтай энд ирж эмчилгээ хийлгэ” гэдэг зөвлөгөө ирүүлсэн байна. Бас БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт оношоо явуулчихсан бөгөөд өнөө маргаашгүй хариу нь ирнэ гэж хүлээж байгаа. Солонгост Японыг бодвол эмчилгээний зардал арай бага гарах учир давхар Солонгост эмчлэх боломжийг тэд судалжээ.
Бяцхан охин манай редакцид аавынхаа энгэрт тэврүүлэн цаг гаруй саатсан. Энэ хооронд ээж нь халбагаар сүү өглөө. Мөөмөө хөхөх дуртай ч хамраараа буцаагаад гаргачихдаг учир халбагаар өгч байгаа гэнэ. Халбагаар өгвөл буцааж гаргах нь гайгүй ч уух дургүйг нь хэлж байлаа.
Дөрвөн сарын өмнө дэгэж дэрвэж, инээж дэвхцэж ээжийнхээ өвөр дээр зогсож чаддаг байсан бяцхан охин одоо хөл гараа хөдөлгөж чадахгүй, нүдээ аньж, нээхээс өөр үйлдэлгүй, сүүгээ хамраараа гаргаад уйлж байгааг харахад зүрх шимширсэн. Ээж нь “Тэр вакциныг хийлгэдэгүй л байж. Эцэг эхчүүдэд захихад вакцины сөрөг нөлөөг нь маш сайн судалж, бодож байж бяцхан үрсдээ хийлгэх хэрэгтэй юм байна” шүү гэж шүүрс алдан захисан.
Бяцхан үрийн ирээдүйн эрүүл мэндэд нь хэрэгтэй гэж хийлгэсэн вакцин одоо амь насыг нь дээсэн дөрөөн дээр авчирсан байна. Сүү мэт цагаахан сэтгэлтэй, амьд бурхан бяцхан үр өвчиндөө яраглан, чангахан дуугаар ч уйлж чадахгүй шаналан байхыг илэрхийлээд бичихэд үг дутахаар байна даа хүмүүс минь. Сүүлийн үед бяцхан үрс хүндээр өвдөж, томчуудын буруугаас хамгийн аймшигтай юманд өртөн гадаад улс орнуудад эмчилгээ хийлгэхээс өөр сонголтгүй болж, аргаа барсан аав, ээж нь сайхан сэтгэлт ард түмэндээ ханддаг болсон. Ийм л хэцүү зовлон А.Зүмбэр охиныг, гэр бүлийг нь дайрчээ..
Ц.Эрдэнэцэцэг