logo
Германы хууль тогтоогч: Сноуден Америкийн дайсан биш

Германы хууль тогтоогч: Сноуден Америкийн дайсан биш

2013/11/04

Өнгөрсөн Пүрэв гарагт Германы парламентын гишүүн Ханс Кристиан Стробеле  АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн ажилтан асан Эдвард Сноудентэй Москва хотноо уулзсан байна. Түүний хэлснээр Сноуден Америкийн Конгрессийн гишүүдийн асуултанд хариулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Стробеле Берлинд ирснийхээ дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Тэр өөрийгөө Америкийн дайсан мэтээр илэрхийлээгүй. Харин ч эсрэгээрээ" гэсэн байна.

Стробеле түүнчлэн Германы хууль тогтоогчдын асуултанд хариулж мэдүүлэг өгөхийг Сноуденд санал болгосон ч тэрээр Вашингтонд очиж, Конгрессийн гишүүдийн өмнө мэдүүлэг өгөхийг хүсч байгаагаа хэлсэн гэж ярьсан байна. Гэхдээ Сноуден АНУ-руу өөрийг нь хүчээр шилжүүлэхгүй, аюулгүй газар байлгана гэсэн баталгаа гаргавал Герман руу явж магадгүй гэдгээ Стробелед дуулгажээ. Харин түүний өмгөөлөгч Анатолий Кучерена "АНУ –ын тагнуулын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдүүлэг өгөхийн тулд Сноуден Оросыг орхин явахгүй" гэж мэдэгдсэн байна.

ОХУ-д нэг жил орогнох эрх аваад байгаа Эдвард Сноуденийг тагнуул хийсэн, засгийн газрын өмчийг хулгайлсан гэж АНУ-ын эрх баригчид буруутгаад байгаа юм. Учир нь тэрээр Америкийн тагнуулын хөтөлбөрүүдийн талаарх мэдээллүүдийг задруулсан нь ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Үүнээс гадна АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг 10 гаруй жил тагнаж чагнасан гэх мэдээлэл гарсан нь Германы хууль тогтоогчдын дургүйцлийг хүргээд байна. Энэ ч утгаараа "Сноуден бол Герман улсын хувьд чухал гэрч" гэж Германы парламентын гишүүн Стробеле мэдэгджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш