logo
Уран олборлохын эсрэг чимээгүй тэмцлийг пантомимо хэлбэрээр хийв

Уран олборлохын эсрэг чимээгүй тэмцлийг пантомимо хэлбэрээр хийв

2013/11/11

Өнгөрөгч аравдугаар сарын 26-нд Гадаад харилцааны сайд Л.Болд Францын гадаад хэарилцааны сайдтай “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-г үзэглэж, үүгээр Монгол Улсад уран олборлох ажлыг эхлүүлсэн. Тэгвэл уран олборлож эхэлсэнээр монголчуудад оршин тогтнохуйн аюулгүй байдал, хүрээлэн байгаа орны аюулгүй байдал, хүний авулгүй байдалд ноцтой аюул учруулахаар байгаа юм. Тиймээс энэхүү гэрээг эсэргүүцэж, УИХ-аар батлахгүй байхыг уриалж, МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагаас монголын анхны пантомимо буюу “Шар нунтагийн тарчлаан” нэртэй хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

Тэд энэ хурлаар монгол хүн нэг бүрт Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх болон хүний заяагдмал эрхэд ноцтой халдсан дээрх гэрээг МАН болон АН-ын улс төр, бизнесийн бүлэглэлийн нэр бүхий хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан байгуулсныг хэлэхийг хүсчээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Н.Тэгшбаяр, Мон-Атом компанийн захирал асан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Мон-Атом компанийн захирал асан Р.Бадамдамдин нарыг үндэсний эрх ашиг, эх орноосоо уравсан гэж үзэж байгаа аж. 

Нөгөө талаар Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн гурвуулаа энэ гэрээг байгуулах гэж улайран зүтгэж байгаа нь монголчууд хэнд итгэж найдах вэ гэдэг дараагийн асуултыг өөрсдөөсөө асуухад хүрээд байгаа тухай тэд харуулахыг зорьсон байна. Мөн ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ийм ноцтой асууддал дээр байр сууриа нэг ч удаа илэрхийлэхгүй байгаа нь нам, бүлгийн эрх ашгийг хамгаалж байгаа юм биш биз гэсэн харыг тээхэд хүргэж байгаа бололтой. Эл хурлаар ямар нэг үг хэлэхийг хүссэнгүй, харин үйл хөдлөл, уриа лоозонгоор ураны хор хөнөөлийг нийгэмд таниулахыг зорьж, чимээгүй тэмцэл хийж байгаа нь энэ гэнэ.

Уран бол цацраг идэвхит бодис. Түүний задралын бодисууд ч цацраг идэвхтэй. Тухайлбал, радон – 222 бол уран олборлолтын явцад  маш хялбар байгаль орчинд тархан хордуулдаг бодис юм. Энд ойр хавь амьдрах хүмүүст  уушигны хавдар өвчин үүсгэх эрсдэл бий болгодог байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш