logo
Польшийн Батлан Хамгаалах Яамны төлөөлөгчид Монголд айлчилж байна

Польшийн Батлан Хамгаалах Яамны төлөөлөгчид Монголд айлчилж байна

2013/11/13
БНПУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Роберт КУПЕЦКИ тэргүүтэй Польшийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид 2013 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Монголд айлчилсан анхны өдөр буюу өнөөдөр тэд Радио телевизийн дээд сургууль дээр болох Польшийн кино урлагийн долоо хоногийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцоно. Харин маргааш ноён Купецки дагалдах албаныхны хамт БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэтэй Төрийн ордонд уулзана. Мөн Батлан хамгаалах яамнаа зочилж, Монгол-Польшийн Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт хийхийн зэрэгцээ Монгол улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарт БНПУ-ын Зэвсэгт хүчний 1-р зэрэглэлийн Алтан медаль гардуулж, Иракт алба хаасан зарим цэргийн алба хаагчдыг БНПУ-ын “Иракийн од” медалиар шагнасныг гардуулах юм.

Европын холбоо болон НАТО-гийн нөлөө бүхий гишүүн, түүнчлэн АНУ-тай цэрэг, техникийн чиглэлээр нягт хамтран ажилладаг, мөн агаарын цэрэг, хуурай зам, тэнгисийн цэрэг гурвалсан хүчирхэг зэвсэгт хүчинтэй БНПУ-тай манай улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн билээ.

1970-аад оны үеийн социалист болон Варшавын гэрээний орнуудын харилцааны хүрээнд үүсч хөгжсөн БНМАУ, БНПУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа нь харилцан цэргийн төлөөлөгчид солилцох, Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчний хээрийн сургуульд төлөөлөгч урьж оролцуулах, монголын цэргийн албан хаагчдыг польшийн цэргийн сургуульд сургах, урлаг, спортынхон хийгээд амрагчид солилцох зэргээр өрнөж  байсан ч социалист систем, Варшавын гэрээний байгууллагын задралын дараа хоёр орны цэргийн харилцаа нэг хэсэгтээ тасарсан юм. Гэхдээ 2003 оны 7 дугаар сард Варшав хотноо болсон Иракт энхийг сахиулагчдын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны Батлан хамгаалах салбарын удирдлагууд уулзаж, Польш Улс НАТО-гийн Энхийн төлөө түншлэл хөтөлбөрт Монгол Улс оролцоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, монголын энхийг сахиулагчдыг Польшид сургах бололцоотойгоо илэрхийлж, улмаар монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Польшийн цэргийн командлалын удирдлагын дор Иракт энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болсноор манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа сэргэн, идэвхжих хандлагатай болсон.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш