МЗХ 2013 оныг “Оролцьё” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулж байгаа бөгөөд залуучууд руу хандсан, тэднийг идэвхжүүлэн уриалахад чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлжээ. Өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаагаа идэвхижүүлж, орон нутгийн залуустайгаа нутагт нь очиж уулзан тэдний санал бодлыг сонсч байгаа юм.
МЗХ удахгүй болох ээлжит V чуулганаа угтан, орон нутаг дахь залуучуудын ээлжит чуулганаа зохион байгуулсаар байгаа бөгөөд эх орныхоо өмнөд хэсэг болох Өмнөговь аймагруу жолоогоо заллаа. Тус аймгийн залуучуудын ээлжит чуулган энэ 11-р сарын 11-ны өдөр зохиогдож 15 сумын залуусын төлөөлөл оролцож, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, орон нутагт тулгамдаад байгаа асуудал, гарах гарц, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм.
Аймгийн залуучууд ярихдаа “ Манай аймаг газар нутаг хүн амын тоогоороо бусад аймгуудтай харьцуулахад том, уул уурхай түлхүү хөгжиж, эдийн засаг сэргэж бүтээн байгуулалт нэмэгдсэн учраас аймгийн залуучууд ажлын байраар хангагдаж, цалин хөлс нэмэгдэн, амьдрал ахуй нь дээшилсэн. Гэвч тулгамдаад байгаа асуудлууд их байна.
Орон нутгаа хөгжүүлж, бие даасан жишиг аймаг болоход залуусын оролцоо чухал. Шилжилт хөдөлгөөн ихэссэний улмаас орон нутагт чадвартай мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөц дутмаг байна. Тиймээс нийслэл хотыг зорьсон залуусаа орон нутагтаа авчирах нөхцөл боломж, бололцоог судалж, хамтран ажиллах хэрэгтэй байгаа”-г онцолсон юм.
Ингээд чуулганд оролцогц залуусын төлөөлөл аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр “Гандирс Трейвл” компанийн менежер Т.Алтансүхийг сонгож, 17 тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр бүтэц бүрэлдэхүүнээ шинээр сонгон баталгаажуулж, шинэ бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.