logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймгийн диско бааранд “оржээ”

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймгийн диско бааранд “оржээ”

2013/11/21
Монголын Залуучуудын холбоо удахгүй болох ээлжит V чуулганаа угтан, өнгөрсөн нэг жилийн хугацаанд орон нутаг дахь ээлжит чуулганаа зохион байгуулсан. Өнөөдөр орон нутгийн Залуучуудын Холбооны шинэ тэргүүнүүд нийслэл хотноо хуралдан, орон нутгийн залуучуудын талаар санал солилцож, цаашид залуучуудаа хэрхэн идэвхижүүлж, тэдний төлөө ямар үйл ажиллагаанууд зохион байгуулах талаараа ярилцаж байна.

Аймгийн Залуучуудын Холбооны тэргүүнүүд ажлаа авсан цагаасаа эхлэн салбар хороогоо байгуулах, залуучуудаа идэвхижүүлэх, гүйцэтгэх хорооноос хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг дэмжин орон нутагтаа хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулсаар байгаа бөгөөд Дорноговь аймгийн Залуучууд Холбоо энэ 11-р сарын 19-ний өдөр “Архи- Бидний сонголт биш- Эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе” уриан дор архины эсрэг олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Сайншанд хотын “My music” диско клубт зохион байгуулсан байна.

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллах үеэрээ энэхүү хэлэлцүүлэгт оролцжээ. Тэрээр ярихдаа “Дорноговь аймаг харьцангуй залуу аймаг, залуучуудын дунд архины хэрэглээг багасгах, архигүй ирээдүйг цогцлоон бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй залуучууд цугларсан байгаад баяртай байна. Та нар нутаг орон, цаашлаад эх орныхоо ирээдүйг авч явах, мөн ирээдүй хойч үедээ үлгэр дууриал болох залуучууд билээ.

Архины хор уршиг, архинаас үүдэн гарах нийгмийн сөрөг үзэгдлүүдийг бууруулахад залуучууд та нарын оролцоо, хувь нэмэр тун чухал. Энэхүү хэлэлцүүлгийг цааш нь дэлгэрүүлж олон залуучуудыг уриалах хэрэгтэй. Миний хувьд энэхүү санаачилгыг очсон газар бүртээ сурталчилах болно” гэсэн байна. Дорноговь аймгийн залуучууд говь нутагтаа суурьшин амьдрах ая тухтай орчин бүрдсэн, эрүүл ирээдүйг хүсч Ерөнхий сайд Н.Алтанхуягт хэлэлцүүлгээс гарсан уриалга, аймгийн төвд баригдахаар зураг төсөв нь бэлэн болсон 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 700 хүний суудалтай Спорт цогцолборын барилгын схем зургийн хамт гардуулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш