Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани нь 11 дүгээр сарын 22-ны өдөр бүх салбар төвүүдэд болон хэвлэлийн хүрээлэнгийн хойд талд байрлах Зүүн түгээх төвд "Хэрэглэгчдийн өдөр"-ийг зохион байгууллаа. Энэ өдөр иргэд, аж ахуйн нэгжүүдэд цахилгааны төлбөр төлөх шинэ хэлбэрүүдийг танилцуулж, үнийн урамшуулал болон шинээр ашиглалтад орсон орон сууцны борлуулалтыг хүлээн авах, дэд станц, шугам тоноглолын өмчлөл шилжүүлэх, сүлжээнд шинээр холбох зэрэг олон төрлийн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөмжийг өгч, тоолуур баталгаажуулах, суурилуулах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн байна. Тус компанийн удирдлагууд мөн энэ арга хэмжээнд оролцож, явуулж буй үйлчилгээнийхээ талаарх санал хүсэлтийг хэрэглэгчдээсээ шууд сонсож, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зарим асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэхээр Зүүн түгээх төвийн байранд ажиллаж байна. Өчигдөр өдрийн 15 цагийн байдлаар компанийн салбар төвүүдээр үйлчлүүлэх гэсэн болон Зүүн түгээх төв дээр байрлаж буй бүх түвшний удирдах ажилтнуудтай уулзаж, асуудлаа шийдвэрлүүлэхээр ирсэн хэрэглэгчдийн тоо 20 мянга хол давсан байв.