Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Хо Чи Мин хотод энэ сарын 22-нд хүрэлцэн ирж, Монгол, Вьетнамын бизнес форумд оролцлоо. Форумд Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Хо Чи Мин хотын засаг даргын орлогч болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Вьетнамын бизнес форумд хэлсэн үгэндээ “Вьетнам Улсад анх удаагаа айлчилж буйдаа сэтгэл маш өндөр байна. Хо Чи Минь хотын удирдлага болон бизнесийн төлөөлөгчдийн уулзалтад хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Хоёр орны ахмад үеийнхний үндэс суурийг нь тавьсан энэ сайхан харилцаа өнөөг хүртэл сэвтээгүй.
Бизнес эрхлэгчид яагаад Монголыг сонгох хэрэгтэй вэ? Үүнд хэдэн тайлбар хэлье. Монгол Улс нь хоёр том зах зээлийн дунд оршдог тул харилцан хамтран ажиллахад дөхөмтэй. Хуучнаар ЗХУ-д сурч байхдаа би олон вьетнам найз нөхөдтэй байлаа. Вьетнамчууд бол нөхөрлөлдөө үнэнч, сайхан сэтгэлтэй хүмүүс байдгийг би мэднэ. Вьетнамд сурч төгссөн монголчууд болон Монголд сурсан вьетнамчууд олон бий.
Монгол Улсад бизнес хийж буй гадаадын хөрөнгө оруулагчдын ашигтай ажиллах орчныг бид бүрдүүлэхийг үргэлж хичээдэг. Бид саяхан хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэн баталж, бизнесийн тогтвортой байдлыг баталгаажуулсан. Энэ хуулийг парламентын гишүүдийн гуравны хоёр оролцож байж өөрчлөх учраас тогтвортой мөрдөгдөнө гэдэгт итгэлтэй байна.
Бидний хувьд гуравдагч хөрштэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлэх нь үндэсний эрх ашигт нийцсэн чухал асуудал юм. Бид Вьетнамыг гуравдагч хөршөө гэж харж байна. Монголын эдийн засаг 2011 онд дэлхийн хамгийн хурдацтай өсөлтийг харуулсан. Бид энэ өсөлтийг хадгалахыг хичээж ажиллана. Бид хүнс, тэр дундаа далайн бүтээгдэхүүн болон эмийн бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй байна.
Бид Вьетнамаас ажиллах хүч авахыг сонирхож байна. Монгол Улс газар нутгийн хувьд асар том бөгөөд нийт 50 гаруй сая малтай. Иймээс сайн чанарын махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломж байна. Монгол газрын тос, нүүрс гээд байгалийн асар нөөцтэй. Уул уурхай болон бусад салбарт хамтран ажиллах бизнесийн төлөөлөгчдийг дэмжиж ажиллана гэдгээ миний уулзсан Вьетнамын төр засгийн удирдлагууд илэрхийлсэн. Иймээс та бүхэнд хоёр талын зүгээс хангалттай дэмжлэг байна гэсэн үг юм.
Бид Хятадын төмөр замаар дамжин Вьетнамын боомт руу гарахыг сонирхож байна. Бид маш холоос танай улсыг зорьж ирсэн. Намайг дагалдаж ирсэн бизнесийн төлөөлөлтэй та бүхэн холбоо тогтоож, найдвартай түншийн харилцаа тогтооно гэж найдаж байна.
Манай хоёр орны хооронд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих боломж байна. Монголчуудын амьдралын хэв маяг вьетнамчуудынхаас тэс өөр учраас очиж үзэхэд үнэхээр сонирхолтой байх болов уу. Та бүхнийг Монгол Улсад зочлохыг урья. Манай орныг зорих бизнесийн төлөөлөгчдийн виз болон бусад баримт бичгийг цаг алдалгүй шийдэж өгнө гэж Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат надад амласан. Ингээд Монгол, Вьетнамын бизнесийн хамтын ажиллагаа удахгүй эрчимжиж, хоёр орны хөгжил цэцэглэлд томоохон түлхэц үзүүлнэ гэж найдаж байна” гэв.