Сирид бараг 3 жил үргэлжилсэн иргэний дайны уршгаар 11 мянга гаруй хүүхэд амь үрэгджээ. Тэдний ихэнх нь буудалцаан, дэлбэрэлт болох үеэр амь эрсэдсэн бол үүнээс гадна олон зуун хүүхэд мэргэн буучдын суманд өртөж амиа алдсан гэж Лондонд төвтэй "Oxford Research Group" судалгааны байгууллагын шинэ тайланд онцолсон байна. Тус байгууллагын мэргэжилтнүүд "Хулгайлагдсан Ирээдүй" хэмээх тайлангаа боловсруулахдаа 2011 оны 3-р сараас 2013 оны 8-р сар хүртэлх хугацаанд хамаарах мэдээлэлд задлан шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд Сирид нийтдээ 17-оос доош насны 11420 хүүхэд амь эрсэдсэнээс 389 нь мэргэн буучдын бай болсон байна. Мөн 100 гаруй хүүхдийг тамлан зовоож амийг нь хөнөөсөн гэж тайланд бичжээ. Сирийн хот суурин газрууд дундаас Алеппод хамгийн их буюу 2223 хүүхэд амь үрэгдсэн байна. НҮБ –аас мэдээлснээр Сирид 2011 оны 3-р сараас хойш өдийг хүртэл иргэний дайн үргэлжлэх үеэр нийтдээ 100 мянга гаруй хүн амь үрэгдсэнээс гадна 2 сая гаруй Сиричүүд эх орноосоо дүрвэн гараад байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/