logo
Санал асуулгын хуулиудын үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг хийв

Санал асуулгын хуулиудын үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг хийв

2013/11/26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 14 хууль, дөрвөн хөтөлбөрийн төслийг иргэдийн оролцоотойгоор боловсруулахаар ажлын хэсгүүд зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд  Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Нийтийн санал асуулгын тухай хууль болон Нийтийн зар мэдээний хуулийн үзэл баримтлалаар хэлэлцүүлэг явууллаа. ХэлэлцүүлгийгМонгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдлан зохион байгуулж дээрх хуулиудын үзэл баримтлал, нийгэм, улс төр, эрх зүйн шаардлага, үр дагавар, хуулиар зохицуулагдах харилцаа, хамрах хүрээ зэрэг ерөнхий бүтцийг хэлэлцэв. Энэ нь нэгдсэн байр суурьт хүрэх зорилго бүхий цаг хугацаа шаардсан, өргөн далайцтай үйл ажиллагааны эхний арга хэмжээ байлаа.

Хэлэлцүүлэгт “Шууд ардчилал” хүрээлэнгийн захирал А.Саруул “Нийтийн зар мэдээний хуулийн үзэл баримтлал”, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин “Нийтийн санал хураалтын тухай хуулийн үзэл баримтлал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам болон Орон нутгийн санал асуулгын үлгэрчилсэн журмуудыг хоёр жилийн өмнө боловсруулан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах стандарт дүрэм журмуудын бүрэлдэхүүн байхаар олон нийтэд санал болгож байсан билээ. Эдгээр журмуудыг өнгөрсөн хугацаанд орон нутагт тодорхой хэмжээнд туршсан нь Орон нутгийн хөгжлийн санг амжилттай хэрэгжүүлж буй сум, сум дүүргүүдэд үр өгөөжөө өгч эхлээд байгаа юм.

 Хэлэлцүүлэгт оролцогсод амаар болон бичгээр гаргасан санал шүүмжлэлийг нэгтгэн үзэл баримтлалыг эцэслэх, энэхүү үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны хүртээл болгох, Иргэний танхимын сүлжээгээр дамжуулан иргэд, олон нийтийн саналыг авсны үндсэн дээр дээрх хуулиудын төслийг эцэслэн боловсруулж, энэ 2013 оны эцэс гэхэд УИХ-д өргөн барихад бэлэн болгосон байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар ярилцав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш