Монгол Улсын хөгжлийн шинэ гарц, машинт үйлдвэрлэлийн салбар үүсгэн хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа Монголын төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны харьяа компаниудтай хамтран ажиллахаар ХБНГУ-ын ON’S Industry Germany компанийн захирал ноён P.E.Otto Улаанбаатар хотод ажиллаад буцлаа.
Уул уурхайн салбарын хөгжлийн тэсрэлтийг дагаж Монгол Улсын зах зээлийн багтаамж нэмэгдэж байгаа ба тэр дундаа машинт үйлдвэрлэлийн борлуулалтын зах зээл 40.0 тэрбум ам.доллар, жилийн импортын хэмжээ 4.0 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь Монголд өндөр технологийн металлург, машинт үйлдвэрлэлийн салбар хөгжих тааламжтай суурь болжээ.
Манай улсын төр засгаас улс орондоо хүнд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд гарч, үндэсний үйлдвэрлэл дэмжиж эхэлсэн нь энэхүү өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолыг дотоодын болон гадаад хөрөнгө оруулагч нарт төрүүлж байна. Үүсэн бий болж байгаа хөгжлийн энэ салбарыг анхнаас нь Герман стандарт, технологи, чанарын шаардлагын хүрээнд хөгжүүлэх ёстой тул үндэсний хөрөнгө оруулагч нар Германы үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах илүү сонирхолтой байна.
Ноён Отто Цахилгаан тээвэр компанийн Зохион бүтээх товчоо, Троллейбусны үйлдвэр болон “Эрдү”, “Экологи bus” компаниудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид герман стандарт, технологи, чанарыг нутагшуулан хамтран ажиллах талаар харилцан тохиролцож гэрээ байгуулав. Энэ ажлын хүрээнд Монголын инженер техникийн ажилтнуудыг Герман улсад үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, Герман мэргэжилтнүүдийг Монгол улсад ажиллуулах, сургалт явуулах, технологи чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, Германд үйлдвэрлэсэн сэлбэг, эд ангийг нийлүүлэх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар тохиролцжээ.