Ардын намын залуухан генсек Ж.Мөнхбат урд шөнө Завхан аймгийн төв Улиастай хотын оршин суугч, МАН-ын ахмад гишүүн Ишдорж гуайнд хоножээ. МАН-ынхан ард иргэдийнхээ ахуй амьдралтай газар дээр нь очиж танилцах, Их хурлын шийдвэрээ сурталчлах зорилгоор тус аймагт ажиллах үед иргэдтэй хийсэн уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилж, Ишдорж гуайд үгээ хэлэх боломж гарсангүй. Харин МАН-ын баруун аймгуудад ажиллах багийг ахалж яваа генсек үгээ хэлж амжаагүй Ишдорж гуайнд очиж хонох санал тавьжээ. Ишдорж гуай ч уриалгахан зөвшөөрснөөр хууч хөөрч хонох боломж гарчээ. Ишдорж гуай эмч мэргэжилтэй, аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч мэргэжилтнээс ерөнхий эмч, эмнэлгийн дарга болтлоо дэвшиж ажилласан эрүүл энхийн манаач хүн. Тэрбээр ахмадуудын ахуй амьдралд авдаг хэд нь хүрэхгүй байгаад санаа сэтгэл чилж явдгаа Ардын намын генсект аминчлан ярьжээ. Хөдөө орон нутаг гэлтгүй бараа бүтээгдэхүүний үнэ өсч, цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байхад эрх баригчид энэ асуудалд санаа зовохгүй байна. Тийм учраас ард иргэдийн амьдралд наалдсан бодлого явуулахад шинэчлэгдсэн Ардын намыг онцгой анхаарахыг захижээ.